Монголын түүх

Түүх гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ.

Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудвал. Ирээдүй чамруу их буугаар буудна. Расул Гамзатов.

Wednesday, November 3, 2010

Чингис хааны дараах Монголчуудын бутрал

Хятадын түүх сударт 1378 онд хаан ширээнд суусан Төгстөмөр хаан 1388 онд үхсэнээр “Ар Юань” улс мөхөж , Юань улсын хаадын угсаа тасраад ерөөс төр нь мөхсөн гэж үздэг. Гэтэл Монголын төрт ёс огт тасраагүй. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. 1400 онд Дарван ойрадыг Мөнхтөмөр захирч байгаад 3 хүүдээ захируулсан. Минь улсын шинэ хуанди Юн Лэ Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юн лэ хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Элбэгийн хүү Дэлбэгийг хаан болгон өөрөө тайш болж улсыг захирч эхэлсэн. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Минь улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Өгчи хашхи нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Тайпин байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хасарын удмын Хорчины Адай хаан болж Дөрвөн ойрадыг бут цохижээ. Дөрвөн ойрадынхон удалгүй дахин хүчирхэг болсон нь урьд Адай хаанд баригдан түүний хонийг хариулж байсан Тогоон нутагтаа буцан ирсэнтэй холбоотой юм. Тогоон улмаар Аругтай тайш, Адай хааныг бут цохиж ихэнх Монгол угсаатнуудыг нэгтгэжээ. Гэхдээ өөрөө Алтан ургийн хүн биш тул Чингисийн угсааны Тайсун хэмээх Тогтохбухыг хаанд өргөмжлөн өөрөө тайш нь төрийн хэргийг удирдах болсон. Төр эвдрэхийн гол үүдийг нээж өдөөдөг гол улс Минь-г бут цохих, ингэхийн тулд нийт улсыг нэгтгэн бусад том улсуудтай холбоо байгуулах бодлого явуулж байжээ. Гэвч үүнийг биелүүлж чадалгүй 1439 онд нас барж түүний хүү Эсэн нь тайш болж төрийн бүх хэргийг гартаа авч эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлжээ. Image
Эсэн 1447 онд Урианхайг эзэлснээр ихэнх Монголчуудыг нэгтгэсэн. 1448 онд Хамиг эзэлж, Дундад азийн улсуудтай холбоо тогтоосон. Ингээд Минь улстай дайтах зөвхөн шалтаг л хүлээж байлаа. Тэр шалтаг худалдааны харилцаагаас үүдэн гарчээ. Монголын түүхийн энэ үед Хятадтай худалдаа хийхэд маш хүндрэлтэй, Минь улс нүүдэлчдийн асар их уур хилэн, барааны хомсдлоос болж гарах дээрмийн дайнаас айж байсны улмаас зөвхөн гуравхан боомтоор маш богино хугацаанд зах гаргадаг байлаа. Тэд төмөр худалдахыг хатуу хориглосон төдийгүй 2 хэлбэрээр худалдаа хийдэг байсан. 1. Зах ажиллуулах. 2. Тодорхой тооны хүн явуулж хаанд алба бариулж худалдаа хийх.
1448 оны 12-р сард олон тооны элчийг маш муу бараатай явуулж худалдаа хийлгэсний улмаас Минь улс малын үнэ өртөгийг өгөөгүй. Үүгээр шалтаглан Эсэн 20000 цэрэгтэй 4 замаар Минь улсад цөмрөн орсон. Эсэн өөрөө Датунгийн чиглэлээр, сайд Алаг Чинсан Сюань-фугийн чиглэлээр, Тайсун хаан Явдангийн чиглэлээр, Алагч чинсан Шаньси мужийн чиглэлээр цэрэг авч довтолсон. Тэр үед Минь улсын цэцэглэлтийн үе байсан, гэхдээ төрийн хэргийг Ордоны тайган Ван-Чжэн барьж байлаа. Тэр нас нь залуу Ен-зүнь хуанди-г цэргээ өөрөө удирдвал Монголчууд айн сүрдэж аяндаа ялагдана гэж сэнхрүүлэв. Цэргийн мэдлэг боловсрол багатай залуу хуандид 50000 цэрэг захирагдсанд тэр Датунд их цэргээ авч иржээ. Ойрадын цэрэг Минь-гийн цэргийг өөрийн тактиктаа оруулан мөрдөн хөөж Инь шань уулын орчим дахь Түмү цайзанд шахан бүсэлжээ. Түмү цайз бол 4 талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, ундны усгүй газар тул Минь-гийн цэрэг хүчинд автан ялагдаж, Ен-зүнь хаан шадар нөхдийн хамт баригдав. Эсэн түүнийг ашиглаж Хятадтай найрамдлын хэлэлцээр байгуулах санаатай байсан ч Минь улсын ордных нь Ензүний дүү Чинтайг хуандид өргөмжиллөө. Үүнд хилэгнэсэн Эсэн Бээжин рүү довтолж 1449 оны 10-р сард Бээжингийн Шижиминь хаалганд ирж цэрэг, морь малаа амраажээ. Минь улсын ордныхон дотроо хагаралдаж Монголчуудын өмнө ихэд арчаагүй байдалтай болж Эсэнгийн цэргүүд тэр хавийн нутгийг галдан шатааж, дээрэмдэн тонож эхэллээ. Яг шийдвэрлэх тулалдаан эхлэх гэтэл Монгол нутагтаа очсон Тайсун хаан түүний эсрэг бослого гаргасан учир Эсэн Бээжинтэй эрх тэгш найрамдлын хэлэлцээр байгуулаад Ензүнь хааныг авч нутаг буцжээ. Ингэж Монголчуудын дотоод хямралаас болж Минь улс хятадын урьд, хождын улсууд шиг бүрэн аврагдсан түүхтэй.
Тайсун өөрийн хатан Эсэнгийн эгчээс гарсан хүүхдийг Жонон болгоогүй учраас Эсэн-Тайсун нар зөрчилдөж эхэлсэн юм. 1451 онд Тайсун-Эсэн хоёрын тулалдаан болж Тайсун дарагдаж Хэрлэн рүү зугатаж явахад нь Урианхайн Чавдан охиныг нь төрхөмд буцаасан доромжлолд нь өс санаж барьж алжээ. Баригдсан Ен-зунь хаанд овог төрлөө үл мэдэх Мулу нэрт эмийг эхнэр болгон өгч Эсэн хаан өөрийн хонийг хэсэг хугацаанд түүгээр хариулуулжээ. Ихэд туйлдсан Ен-зунь хаан өөрийн ахдаа “хаан ширээндээ дахин суухгүй” гэж андгай тангараг тавин их мөнгөөр барьцаалагдан төрөлх нутагтаа арай гэж очжээ.
Эсэн Монголын ихэнх ноёдыг цуглуулж хаан ширээнд хэнийг өргөмжлүүлэх тухай хэлэлцүүлэхэд Тайсуны дүү Агваржин жононгийн нэрийг ихэнх нь дэвшүүлэхэд
Эсэн:
“Өөрийн төрийг эс санасан хүн
Хүний төрийг санах уу
Өөрийн галд ус хийсэн хүн
Миний галд тос хийлээ.
Энэ хэнд сайн буюу” гэж ихэнх ноёдыг ятгасны эцэст Агваржин, түүний хүү Хархуцаг, бусад ноёдыг Их хуралдайд хууран урин ирүүлж цөмийг нь алжээ. Ийнхүү “ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл ганд” гэдэг үг үеэс үед дамжин яригдан ирсэн юм.
Эсэн өөрийн замд саад болсон Алтан ургийн болон бусад ноёдыг ийнхүү замаас зайлуулж бүх Монголыг эрхэндээ оруулсан. Энэ ондоо буюу 1454 онд өөрийгөө бүх Монголын их хаанд өргөмжилж зүүн зүгт Амар мөрнөөс баруун тийш Дундад ази хүртэлх өргөн уудам нутгийг захиран суужээ. Монголын түүхэн зохиолуудад энэ үеийг “Дөчин дөрвөн хоёр-нэг хааны алдар болов” гэж тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь Эсэн удаан хаан суусангүй. Ойрадын ноёдууд нь 1. Дайны олзоо хуваасангүй. 2. Өөрийн хүүгээ тайшаар өргөмжилсөн гэдгээр шалтаглан бослого гаргалаа. Эсэн гэнэтийн довтолгоонд санд мэнд зугатааж яваад 1455 онд алагдсанаар Монголын төр дахин задран унажээ. Эсэн Моголын төрийг нэгтгэн хүчирхэг болгоод Минь улстай эрх тэгш улсын хэмжээнд харилцах бодлого явуулахаар төлөвлөж байлаа. Image
Эсэнг алагдсаны дараа Дөрвөн ойрадын самууныг ашиглан Хасарын удмын Хорчины Болой, Онигуудын Муульхай нар гэнэдүүлэн довтолж төрийн тамгыг Зүүн Монголд авчирч Тайсуны хүү Макакуси /Маркус/-ийг хаан болгож Болой өөрөө тайш нь болжээ. Ийнхүү Хасарын удмынхан Монголын төрийг байнга өмгөөлөн, хамгаалж байсан түүхтэй. Хятадын сударт Маркусын нэрийг бичихэд бэрхшээлтэй байсан тул “Сяо ван цзи” /бага хаад/ гэж тэмдэглэх болсноор улс төрийн эрх мэдэлгүй бага хаадын үе эхэлжээ. Маркузыг өсөж том болоод биеэ даах гэхэд нь 1465 онд Болой түүнийг алжээ. Болой, Муульхайн хооронд хагарал гарч Болой ялагдаж, Маркусын өөр эхтэй дүү Молун хаан болж, Муульхай тайш болжээ. Хорчины угсааны өсийг Өнөболд ван авч Муульхай алагдаж төр улс хэсэг хугацаанд тайшгүй явлаа. 1468 онд Молуны дараа Баянмөнх хаан суусан боловч ахдаа найр тавьж өгснөөр ноцтой алдаа гаргажээ. Эх сурвалжид бичигдснээр Баянмөнх ахтайгаа муудалцсан үеийн ашиглан Юншээбуугийн Хэрээ, Цагаан нар алсан. Үүний дараа Мандуулын хувь заяа ч дүүтэйгээ ижилхэн шийдэгдэн 1467 онд Исмалд алагджээ. Мандуул хаан залгамжлах үргүй тул том ноёдууд өөрийн эзэмшлээ тус тус захиран сууж хаан ширээ эзэнгүй байлаа. Яг тэр эгзэгтэй үед Ингүүт овгийн Чоросбай төмөр чинсангийн охин, Мандуулын бага хатан Мандухай 33 настайдаа Баянмөнх жононгийн 7 настай хүү Батмөнхийг даян хаан нэрээр Хаан ширээнд өргөмжилсөн юм. Түүнийг ердийн нэг бага хаан гэж тоогоогүйн улмаас түүнд ердөө Шилийн голын зүүн хэсэг л захирагдаж байв. Зүүн Монголыг Исмаль тайш, Ордосын нутгийг Юншээбуугийн Ибрай, Баруун Монголд Ойрадууд тус тус ноёрхож байснаас 1483-1486 онд Мандухай бие даан цэрэг авч яван Исмалийг бут цохиж эх Шихэр хатныг нь авчирсан. Дараа нь 1490-1496 онд бэлтгэл хийсний эцэст Даян хааны үхэр тэрэгт /үхэгт/ суулган Дөрвөн Ойрадыг дайлан эзэлж
“… Гэрээ орд бус өргөө гээд
Завилж суухгүй сөгдөж суу
Залаагаа 2 хуруу хий
Айрагийг цэгээ гэж нэрлэн
Махыг хутгаараа бус шүдээрээ ид “гэж цааз тогтоосон. 1500 онд Баруун түмнийг захируулахаар хоёрдугаар хүү Улсболдоо явуулсныг Ибрай алсны улмаас Өвөр Монголын Далан хар гэдэг газар их тулалдаан хийж тэднийг бут цохижээ. Ийнхүү 1500 онд Монголын 40 дөрвөн хоёр дахин нэгдэж хүн ам нь “… Хөл хөсөр, гар газар хүртэл амар мэнд жаргааваа” гэж тэмдэглэсэн байдаг. Даян хаан бутралын гол шалтгаан болсон сайд нарын соёрхол дархалсан газрыг хүчингүй болгосон, Амбагай хан үндэслэсэн тайш, чинсан цолуудыг хүчингүй болгосон, Алтан ургийн бус ноёд түшмэдүүдийг төрийн чухал албанаас шахан гаргасан гэх мэт бодлого явуулсан. Гэсэн ч бутралыг дахин болгох үндэс суурийг тавьж хөвгүүддээ ван цолыг өгч, улсаа Зүүн, баруун хоёр гар, 6 түмэн болгон хуваасан юм. Үүнд: Зүүн 3 түмэн- Ордос, Түмэд, Юншээбуу Баруун 3 түмэн- Цахар, Урианхай, Халх
Түүний 11 хөвгүүдийн 7 нь Мандухайнх, 4 нь бага хатан Жимсгэнийнх байснаас
1. Төрболд эцгээсээ өмнө нас барсан
2. Улсболд 1500 онд Ибрайд алагдсан
3. Барсболд жонон болсон
4. Арсболд түмэдийн 7 отог
5. Очирболд Цахар 8 отог, хишигтэн
6. Алчуболд Халхын өвөр 5 отог
7. Арболд Цахар, Хуучидын 2 отог
8. Гаруудай нас барсан
9. Гэрболд Ахан, Найманы отог
10. Увсанз Юншээбуу
11. Гэрсэнз Халхын 7 отогийг тус тус захиран суусан.
Даян хаан өөд болсоны дараа Жонон Барсболд хүчээр түрий барьж хаан суусан ч удалгүй аргагүйн эрхэнд Төрболдын хүү Боди Алагт хаан ширээгээ тавьж өгчээ. Шинэ хаан Цахарт төвлөн сууснаас хаан ширээ, улсын тамга тэнд шилжлээ. Боди Алаг 28 жил хаан сууж 1547 онд өөд болсны дараа түүний хүү Дарайсүнгүдэн хаан ширээ залгамжлав. Энэ хааны үед Барсболдын хүү Алтан (1507-1582) Түмэдийг маш хүчирхэг байдалтай болгожээ. Тэр 1552 онд Дөрвөн Ойрадын довтлон эрхэндээ оруулан. 1559 онд Хөх нуурыг эзэмших болсон гэх мэтээс болгоомжлон тэр үеийн хаан Боди Алаг түүнээс болгоомжлон Цахараа аван нүүж байжээ. Алтан Минь улстай биеэ дааж харилцан, тэднийг уулгалан сүрдүүлж байгаад эрх тэгш харилцаа тогтоожээ. Минь улс түүнийг аргадаж 1570 онд ван цол олгон худалдаа хийх болсон бөгөөд түүний нэр нөлөө Монгол улсад их алдаршиж байлаа.
1558 онд хаан ширээг залгамжилсан Түмэн Алтантай нилээн хатуу байр суурь баримталж байсны улмаас өөрийн хүчирхэг вассалиа болгосон байна. Түмэн Их засаг цаазыг тогтоон “5 ханы засаг” хэмээх ноёдоор бүрэлдсэн Төв засгийн газар гэдгийг шинээр абйгуулсан. 5 ханы засаг баригч ноёд нь Цахар түмний Амудай хун тайж, Өвөр Монголын Үйжин, Ордосын хутагт сэцэн хун тайж, Түмэдийн Цэрүхэй хун тайж, Юншээбуугийн Номандарь ноён болно. Хүчирхэг нэр нөлөөтэй эдгээр ноёд 6 түмнийг төлөөлөн төрийн хэргийг зөвлөдөн шийдвэрлэх болжээ. Энэ нь бутран сарниж байсан бүх аймгуудыг ардчилалын хэлбэрээр төв засаглалд нэгдүүлсэн дэвшилтэт үйл ажиллагаа байсан. Иймээс Монголын тулгар бичгүүдэд түүнийг түмэн засагт хаан хэмээн өргөмжилөн тэмдэглэсэн юм. Тэр 35 жил хаан суухдаа ноёдуудын хямралын хэсэг хугацаанд намжааж, ард түмний аж ахуй, эдийн засагт дэвшилтэт өөрчлөлт гаргасан түүхтэй. Image
1592 онд Түмэн 54 настайдаа өөд болж хүү Буян сэцэн хаан болсон бөгөөд түүний дараа 1603 онд ач Лигдэн нь хаан ширээнд өргөмжлөгджээ. Лигдэн Чингисийн угсааны сүүлийн хаан байсан бөгөөд түүний нас барж, Өвөр Монгол Манжид эзлэгдсэнээр феодалын бутрал төгсгөл болсон ажгуу.
Дөрвөн Ойрадын: YIII-XII зууны үед Байгаль далайн чанадад Енисей мөрөн, Баргужин төхөмд жижиг аймгийн холбооны зохион байгуулалтай нутаглаж байсан бөгөөд тэднийг ойн иргэд гэж нэрлэдэг байсан. 1207 онд Ойрадуудын зонхилогч Хутагу бэхийн шийдвэрээр Монголын харъяат болжээ. Хутагу бэхи Чингистэй худ ураг барилдсан төдийнүй түүний үр сад ч Алтан ураг, Хиад боржигингуудтай хэдэн үеийн турш ураг төрөл барилдан Монголчуудын дунд их нэр хүндтийг хүлээн Цорос овог “Цагаан яс” хэмээн өргөмжлөгджээ.
Бутралын үеийн Цорос ясны анхны хүчирхэг ноён нь Өгчи Хашхи бөгөөд түүний хөвгүүд Батула чинсан, Махмуд нар Элбэг хааны үеэс эхлэн Монголын харъяанаас гарч биеэ даан холбооны шинж бүхий аймгийн холбоод болж олон жилийн турш хямрал тэмцэлд оролцож ирснийг дээр дурдсан билээ. Энэ холбоонд багтдаг олон овог, аймгуудаас Цорос, Хошууд-Торгууд, Дөрвөд, Хойдууд хамгийн хүчирхэг байсан тул Дөрвөн ойрадын холбоо гэж түүхэнд алдаршжээ. Уг холбоо нь холбоонд оролцогч улсуудын хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо газар нутаг, засаг захиргаа, эрх зүйн тодорхой зохицуулалт хуваарилалтыг бий болгосон тогтолцоо байсан. Даян хааны дараа Дөрвөн ойрад Тэнгэр уул руу нүүдэллэж Алтан хааны үед дахин дарагдсан боловч дотооддоо эв нэгдэлтэй байсны үр дүнд богино хугацаанд сэргэн мандаж 1562 онд Алтан ханыг, 1587 онд Халхын Шолой Увш хунтайжийг тус тус бут цохиж байжээ. Тэр үед дөрвөн ойрадын холбоонд Хошуудын Байбугас, Цоросын Хар Хул, Торгуудын Хөө Өрлөг, Дөрвөдийн Далай тайш, Хойдын Султан тайш тус тус ноёлж байсан. Тэд “Зарааны үс. Хөрөөний шүд мэт Бат дөрвөлжин мэт хүчирхэг” байсан. Тэдний нутаг дэвсгэр нь Хангай уулын бэлээс Кара Шар хүртэл. Хамил Бархөлөөс хойш Енисеин мөрөн хүртэл нутгийг хамарч байсан. Гэвч дотоодын хямралаас болж 1607 онд Торгуудын Хөө Өрлөг өөрийн албат 1 түм 5000 өрхөө дагуулж Ховог сайр, Эмилиэр дамжин Ижил мөрөнд нүүдэллэн очиж Халимаг угсаатнууд болон суусан. Халимаг гэдэг нь хальж, ойж гарсан гэдэг утгатай үг буй заа. Мөн Монголд дэлгэрсэн шашнуудаас болж гарсан дайн самуунд Хошуудууд татагдан орж өөрийн эзэмшилээс ойн гарсан. 1637 онд Хошууд Төр байх Халхын Цогтыг бут цохиж Далай ламыг Төвдийн эзэн гэж ёс төдий өргөмжилж тэнд сууришсан байна.
Дөрвөн Ойрадын хүч ийнхүү тарамдаж бүх үе буюу 1634 онд голлох овог Цоросын Хар Хул ноён өөд болжээ. Түүнийг Эрдэнэбаатар хун тайж (1634-1663) хүү нь залгамжилж Дөрвөн Ойрадын холбоог дахин нэгтгэх бодлого явуулжээ. Тэр нутгаасаа дүрвэн гарсан торгууд, хошуудыг нэхэн хөөхийн оронд, харин үлдсэн овог аймаг, албатуудаа нэгтгэн 1630-аад оны сүүл үеэс Зүүн гарын хаант улсыг (1634-1755) байгуулжээ.

ХIV-ХVII Зууны Монгол Орон

Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн түүнийг залгамжлагчдын үед газар нутгаа тэлж, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулав. Чингис хааны дараа хаан ор суусан Өгэдэй хааны (1229-1241) үед Орос, Зүүн европыг байлдан дагуулах аяныг Бат хаан удирдан Алтан ордны улсыг байгуулж, мөн умард хятадын Алтан улсыг 1234 онд эзлэн авчээ. Гүег хаан (1246-1248), Мөнх хааны үед (1251-1259) дундад, дорнод хятадын Сүн улсыг эзлэн авах хоёр их дайныг хийжээ. Энэхүү аян дайныг Мөнх хааны дүү Хүлэгү, Хубилай нар удирджээ. Хүлэгү Халифтыг эзлэн улмаар баруун Азийг байлдан дагуулж Персэд Ил хаадын улсыг байгуулав.
Хубилай хаан хятадыг бүхэлд нь эзлэн хятадад Юан гүрнийг байгуулав. Судлаачид энэ үеийн эзэнт гүрнийг газар зүйн байршилаар нь үндсэн таван хэсэгт хуваан үздэг ажээ. Үүнд: Монгол орон нь Чингис хааны үеэс эхлэн Мөнх хаан насан эцэс болсон 1259 оныг хүртэл Монголын эзэнт гүрний төв нь болж байсан. Хубилайн хятадад байгуулсан Юан гүрэн, Персэд Ил хаадын улс, дундад Азид Цагаадайн улс тус тус буй болж биеэ даажээ. Энэ үеийн түүх нь монголын түүхийн нэгэн сонирхолтой үе бөгөөд эртнээс нааш дэлхий дахины олон эрдэмтэн мэргэд судлан тэмдэглэсэн ном судар арвин бий.
Музейн үзүүллэгт бодит эд өлөг болон бичгийн эх сурвалжаар илэрхийлсэн үзмэрүүд үзэгчдийн сонирхолыг ихээхэн татдаг билээ. Дундад зууны монголчууд зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бусдыг дарангуйлан, суурин иргэдийг түйвээн харгислаж байсангуй, тэд хот суурин байгуулж, худалдаа арилжааг хөхүүлэн дэмжиж, бичиг үсэг зохиож өрнө дорны соёлыг холбоход өөрийн хувь нэмрийг оруулсан юм.
Хар хорум хот. Монголын эртний нийслэл Хар хорум хотыг 1220 онд Чингис хааны зарлигаар байгуулж эхэлсэн билээ. Монголын эзэнт гүрний хаадууд энэ хотыг нэмэн сэлбэж байгуулжээ. Хар хорум хотын хөгжлийн оргил үе нь Өгэдэй хааны үе бөгөөд өрнө дорныг холбосон худалдааны "торгоны зам"-ын гол төв болж байв. Өгэдэй хаан хуучин хотыг тойруулан хэрэм босгож, "Түмэн амгалант ордоо" 1235 онд байгуулсан. Мөн хотын ойр орчимд Өгэдэй хааны бариулсан зургаан орд харш байжээ.
1264 онд Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд шилжүүлснээр Хар хорум хотын нөлөө аажмаар буурч, Хубилайн дүү Аригбөх, Хубилай хоёрын хооронд хаан ширээний төлөөх тэмцэл тулааны үед хагас нь нурсан байна. Хожим 1297 он болон Тогоонтөмөр хааны үед Хар хорум хотыг сэлбэн барих ажил эхэлж 4 жил орчим үргэлжилжээ. Билэгт хаан Хар хорумыг сэргээн босгох ажлыг хийж, буддын сүмийг байгуулж лам нарт зориулсан олон барилга байшин бариулжээ. 1380 онд хятадын Мин улсын цэрэг Монголд довтолж Хар хорум хотыг галдан шатаажээ. XVI зуун "бага хаад"-ын үед монголын феодалуудын хоорондох их, бага дайны улмаас Хар хорум хот улам доройтон сүйрсээр байжээ. Үүнээс хойш 200 жилийн дараа түүний суурин дээр монголын шарын шашны төв Эрдэнэ зуу хийдийг барьжээ.
Хар хорум хотын туурийг 1949 онд Орос-Монголын хамтарсан археологийн шинжилгээний анги эрдэмтэн С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдлагаар малтан шинжилжээ. Малтлагаас ваар савны зүйл маш ихээр олдсон. Үүнд Хятад, Солонгос, Дундад Ази, Орос гаралтай ваар сав байна. Мөн Хятад, Дундад Ази, Бага Азийн орнуудын нарийн чамин хийц бүхий шаазан эдлэл олноор олджээ. Хар хорум хотыг малтахад их хэмжээний төмөр эдлэл олдсоны дотор хөдөлмөрийн янз бүрийн багаж сүх, зээтүү, үйлийн хайч, зуухны төмөр цорго, шор муна, гэр тэрэгний том, жижиг цөн гарсан юм. Мөн 1975 онд газар шорооны ажлаар олдсон булшнаас гарсан Египедийн фараоны баг болон гуулин хонх, жин хэмжүүрийн туухай, хүрэл тогоо зэрэг сонирхолтой олдворуудыг музейд байрлуулсан. Эдүгээ хүртэл олон улсын эрдэмтэн судлаачид Хар хорум хотын туурийг судлан шинжилсээр байна.
Чулуун хөрөг. Монгол нутгаас эртний түрэг, уйгарын үеийн хүн чулуунаас гадна Монгол гүрний үед холбогдох 70 орчим хүн чулуун хөшөө илрүүлээд байна. Эдгээр хүн чулуун хөшөө нь уран нандин хийцтэй хүний нүүр, бие төрх, хувцас, гоёл чимэглэлийг тод томруун дүрсэлсэн байдаг. Чулуун хөшөө нь босоо хийгээд суугаа байдалтай гартаа цом суулга барьсан байдаг. Нутгийн ард иргэд эдгээрийг чулуун хөрөг хэмээн нэрлэдэг.
МҮТМ-д буй хүн чулуун хөшөө Дорнод аймгийн Халх гол сумын Шонх таван толгой хэмээх газар байжээ. Монголын үеийн хүн чулуун хөшөөг тусгайлан судалсан археологич доктор Д.Баяр хөшөөнөө дүрсэлсэн хувцас, эд зүйлсээр нь ХIII-ХIV зууны үед холбогдох болохыг нь тогтоосон юм.
Юан улсын Хубилай хаан. Хубилай хааны үед арлын Японоос бусад Дорно дахины улс орнууд бараг бүхэлдээ Монгол гүрний эрхшээлд орж, монголчуудын нэр сүр дэлхий дахинаа улам бүр цуурайтаж байсан юм. Хубилай хаан төрийн төвөө 1264 онд Бээжинд шилжүүлснээр урьдах хаадуудын төвлөн сууж төр гүрний нийслэл болж байсан Хар хорум хотын нөлөө аажмаар суларчээ. 1271 онд Хубилай хаан улсаа албан ёсоор Юан гүрэн хэмээн нэрлэв.
Хубилай хааны үед буддын шашныг төрийн шашнаар залсан учраас Хубилайг "төр шашныг хослон баригч их хаан" гэж хүндэтгэдэг. Төрийн хэргээ хөтлөх монгол дөрвөлжин бичгийг Пагва ламаар зохиолгон төрийн бичиг болгов. Хубилайн дараагаар хаан суусан Өлзийтөөс Тогоонтөмөр хаан хүртэл төр захирсан хаад улсын дотор газар авсан төрийн хямралыг намжааж чадалгүй байсаар 1368 оны хятад тариачдын бослогоор Тогоонтөмөр хааныг нанхиад газраас үлдэн хөөснөөр Юан гүрэн мөхөж, монголын түүхийн нэгэн үе дуусвар болж шинэ үе эхэлсэн билээ.
Хубилай хааны дорнодын бодлого. Хубилай хааны дорнодын бодлого Японы зүг чиглэж 1274 оны намрын адаг сард байлдааны 900 хөлөг онгоцтой Солонгосоос хөдлөв. Монголын цэрэг Цусима, Ики арлыг эзэлж Кюшү арлын эрэгт буув. Энэ арлын Хаката Байд болсон тулалдаанд япончууд монгол цэргийн хүчийг анх удаа бие дээрээ амсчээ. Гэвч нэгэн шөнө далайн шуурга дэгдэж, 200 хөлөг онгоц живсэний улмаас 15 000 цэргийн аминд хүрсэн өргөн довтолгооноо зогсоож гэдрэг буцахаас аргагүй болсон хэдий ч их, бага хэмжээний олон дайн Япон, Солонгосын эргээр үргэлжилжээ. 1281 онд дорнын дайнд 4400 хөлөг онгоц (4500), 140 000 гаруй хүнтэй тэнгисийн цэргийн асар их хүчээр Такашимаг эзлэн авлаа. Монгол цэрэг Кюшү аралд цөмрөн орох бэлтгэлээ хийж эхлэв. Японы арлуудад хөлгүй түгшүүр тархан бүхнийг аймшиг эзэмдэн Японы эзэн хаан, ард түмэнтэйгээ сүм хийддээ бурхнаас тусламж гуйн мөргөж Шинто шашны ёслол тасралтгүй үйлдэж байв. 1281 оны 8-р сард Такашима орчимд далайн аймшигт хар шуурга дэгдэж Юан улсын цэргийн 400 хөлөг онгоц далайд живж 10 000 орчим цэргийн амь үрэгджээ.
Монгол гүрний дотоодод өрнөсөн хямралын улмаас 1286 онд Японыг байлдан дагуулах дайныг зогсоожээ. Музейн үзмэрт энэ тулалдааны хэсгийн зураг, далайд живсэн хөлөг онгоцноос олдсон ваарыг байрлуулсан билээ.
Юан гүрнийг эсэргүүцсэн бослого удаа дараалан гарсаар босогчид 1368 онд Бээжинг эзлэн Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдөн Юан гүрэн үндсэндээ мөхөв. Умар тийш хөөгдсөн монголчууд умарт Юан улсыг Цагаан хэрмээс нааших нутагт сэргээхийг оролдсон боловч Мин улсын цэрэгт цохигдсон билээ. Юан гүрний дараа Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс урагшлаад Цагаан хэрэм хүртэлх нутагт нутаглаж байв. Тэд тус тусдаа бие даасан тархай бутархай ханлиг, ванлиг маягтай байсан. Энэ зурвас үеийг монголын түүхэнд бага хаадын үе хэмээн нэрлэдэг. Юаны дараа Чингисийн үеийн дөчин түмнээс баруун гарын гурав, зүүн гарын гурван түмэн үлдсэн хийгээд мөн ойрадын дөрвөн түмэн байлаа. Ийм учраас Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад гэх үг гарсан нь магадтай.
Энэ үед монголыг дахин нэгтгэсэн хүн бол Батмөнх даян хаан юм. Түүний өмнөх Мандуул хаан угсаа залгамжлах нуган хөвүүнгүй нас барсан тул 33 настай бага хатан Мандухай нь 7 настай Батмөнхтэй ураглаж, түүний нэрэн дор монголчуудыг нэгтгэсэн билээ. Ийнхүү улсыг нэгтгэсэн хатныг түүхэнд Мандухай цэцэн хатан хэмээн хүндэтгэн дурсдаг төдийгүй монголчуудын дунд үлгэр домог болон үлджээ.
Батмөнх даян хааныг тэнгэрт хальсаны дараа монгол орон дахин хэд хэдэн эзэмшил болон хуваагдав. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз монгол нутгийн төвд эцгийнхээ язгуурын улсыг залгамжлан, халхын засаг ноёдын өвөг нь болжээ. Халх монголчууд хэмээхийн халх гэдэг үгийг эрдэмтэд голчлон "халхавч" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг.
Гэрсэнз халхыг долоон хөвгүүндээ хувааж өгснөөр халхын долоон хошуу үүсэв. Халхад тус тусдаа эзэмшил бүхий Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан гэсэн цол бүхий гурван хан зэрэг шахам бий болсон нь 1580-аад оны дунд үед холбогдоно. Даян хааныг залгамжлагчдын дотор Баруун түмнийг толгойлогч Алтан хан (1507-1582) ихэд алдартай байв. Түмэдийн Алтан хан говиос урагш, Цагаан хэрмээс хойшхи уудам нутгийг захирч байсан бөгөөд шарын шашин дэлгэрүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн. Түмэдийн Алтан хан одоогийн Хөх хотыг үүсгэн байгуулсан нь тус газрын эдийн засагт ихээхэн ахиц гарсаныг илтгэдэг.

Бат Сүбээдэй нар дорнод европт

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа. Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч…
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.

1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ. /

Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.

Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нугтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.

Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.

Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ.
Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх.
Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.

Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.

Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.

Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”... Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.

Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм. Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намыхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг. Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.

Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “...Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/ Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт.
Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий... Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.
Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл... Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн.
Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав.
Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино.... Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу... юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй...” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.

Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.

Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.

Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Түүхэнд Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг “Хан хөвгүүдийн аян” гэдэг. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.
Б.Номинчимэдийн ”Түүхэн зурвасууд” номоос

Дундад Азид хийсэн монголчуудын аян дайн

Их Монгол улс байгуулагдах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байв. Нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс. Эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ.
Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156) хэмээн судлаачид үздэг. Хорезм нь Дорнод Сельжук улсын султан Санжарын хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж биеэ даасан улсын үндэс суурийг тавьжээ.
Астызыг залгамжлагч Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант төрийн нутаг дэвсгэр, засаг захиргааны тогтолцоо бүрэлдэн тогтжээ. Давуу эрх бүхий хүчирхэг цэргийн давхрагад тулгуурласан, санваартаны давхрааны нэр хүнд, ашиг сонирхолыг илэрхий орхигдуулсанд энэхүү тогтолцооны онцлог оршино. Текеш султаны хүү Ала ад-Дин Мухаммед шах (1200-1220) энэ тогтолцооны золиос болсон билээ.
Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ. Гэвч зэр зэвсгийн хүчээр захиргаандаа оруулсан Хорезмын хаант улсын дотоод эв нэгдэл нэн хэврэг байлаа.
Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж байв. [Груссе 2003:211].
Чингисий цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг иргэний хамт дагуулан Хар Киданы улсад очиж амь хоргоджээ. Хүчлүг 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж төрийн эрхийг булаан авчээ. Бурханы шашинт Хүчүлүг лалын шашинтныг хавчин гадуурхах бодлого барьж байсан нь хүн амын ихэнх хэсгийн дургүйцлийг төрүүлсэн байв.
Монголын цэрэг Дундад Азид очихын өмнөхөн үеийн Хорезм буюу Сартуул, Хар Киданы байдал иймэрхүү байлаа.
Хүчүлүгийн ноёрхолыг эсэргүүцэж Харлагуудын толгойлогч Арслан, Уйгарын толгойлогч Идүүд хан, Алмалиг хотын захирагч Бузар нар 1211 онд Чингис хаанд дагаар орохоо илэрхийлжээ. Уйгар болоод харлагууд Балхаш нуур, Долоон голын саваар нутаглаж байсан ба Алмалиг хот нь Или мөрний дээд биед, өнөөгийн Кульжийн ойролцоо оршиж байлаа. Хубилай жанжны удирдсан монгол цэргүүд Долоон голын хойд талаар гарч ирэхэд өөрөө ямар их зөв сонголт хийснээ Арслан сэрхийтэл ойлгожээ. Тэрбээр Хубилайг дагалдан ирж, Чингис хаанд золгож, түүнд үнэнч байх андгай өргөсөн юм. “Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов” гэж “МНТ”-нд өгүүлжээ. Арсланд Алха бэгийг өгөв гэж “Алтан товчид” өгүүлсэн бол [Алтан товч 1990:98] Хятадын судлаач Чингис хаан охиноо Арсланд бус түүний хөвгүүн Эсэн Бухад өгсөн гэж үзжээ. [Яотин 2002: 243].
Бузар хан “Хүчүлүгтэй сөргөлдөхийн тулд Чингис хаанд элч илгээж, Хүчүлүгийн тухай мэдээлж , өөрийгөө Чингис хааны зарц хэмээн нэрлэжээ. Чингис хаан түүний санаа сэтгэлийг тайтгаруулж Зүчийн охиныг түүний хөвгүүнд өгч худ ураг болжээ”. [Яотин мөн тэнд]. Бузар хожим нь Монголын харъяанд орсон боловч нутаг буцсаны дараа тун удалгүй Хүчүлүгийн цэрэгт алагджээ. Хаан ширээг түүний хүү Шигнах тегин залгамжилсан бөгөөд тэрбээр Чингис хаанд ихэд таалагдсан бөгөөд түүний үр удам Алмалиг хотыг хэдэн үеийн турш захирч байсан ажээ.
Чингис хаан 1217 онд Хүчүлүгт цохилт өгөхөөр Зэв жанжныг хорин мянган морьт цэрэгтэй Хар Кидан улсад илгээжээ. [МУ-ын түүх 2003:128, Груссе 2003:214, Саундерс 1992:60, Кутлуков 1984:99]. Харин Мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүд Худу, Чулуун нарыг даруулахаар Сүбэдэй жанжнаар удирдуулсан цэргээ илгээжээ.
Зэв жанжин Хар Киданы нутагт очоод Хүчүлүгийн улсын суугуул иргэд өөр өөрийн шашныг дураар шүтэх бүрэн эрхтэйг тунхаглан мэдэгджээ. Үүний хамт нутгийн хүн амд халдахгүй, зөвхөн Хүчүлүгийг эрж олох зорилготой байгаагаа таниулжээ. Хар Киданы хүн ам, ялангуяа лалын шашинт хэсэг Зэв жанжинд шууд дагаар оржээ. Хүчүлүг Бадахшан руу оргон зайлсан боловч нутгийн хүмүүс түүнийг монголчуудад барьж өгчээ. ”Зэв жанжин түүний толгойг цавчин авч Кашгар, Ирган, Яркенд, Хотон зэрэг орон нутгийн олон түмэнд үзүүлэв” гэж Жү Яотин бичсэн боловч ямар сурвалжид тулгуурласан нь тодорхойгүй байна. [Яотин 2002:284-285]. Рашид ад-Диний үзэж буйгаар Хүчүлүг Памир голын эх авсан уулын нутаг Сарикул буюу Сирикол (Шар нуур)-д алагджээ. Тэгвэл Жүвейни Бадахшанд алагдсан гэжээ.
Сүбэдэй баатар Эрчис голыг гатлан мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүдийн толгойлсон цэргийг цохин сарниулжээ. Энэ үед Зүчи очсон бололтой гэхээс гадна “Сүүлчийн тулалдаанд Тогтоа бэхийн отгон хөвүүн, сайн цэцэн харваач Хөлтүгэн мэргэн Кыпчак руу зугтжээ. Хан хөвүүн Зүчийн цэрэг түүний хойноос нэхэж Хөлтүгэн мэргэнийг баривчлан авч” алжээ [Хаадын сан 1999:62]. Зүчи хан мэргидийн үлдэгдлийг Чу мөрөн хүртэл нэхэн хөөж мөхөөсөн юм. Ийнхүү найман мэргэдийн үлдэгдлийг мөхөөснөөр Их Монгол улсын баруун талын аюулгүй байдал хангагдав. Хар Киданы нутаг Монголын эзэмшилд бүрэн орсноор Их Монгол улс нь Хорезмын хаант улстай шууд хаяа хатгах болов.
Хорезмын хаант улсын Мухаммед шах торгоны замд хяналтаа тогтоох зорилгын үүднээс Зүчдийн Алтан улс болон Өмнөд Сүн улсын тухай мэдээлэл цуглуулж байв. Гэтэл Их Монгол улсын Чингис хаан Бяньлинг (Жунду) байлдаж байгаа мэдээг авмагц Чингис гэж хэн болох, Зүрчдийг байлдаж буй эсэхийг тандуулахаар 1215 онд Баха ал-Дин Ражи тэргүүтэй элч төлөөлгч заржээ. Мухаммедийн элч Жүндүгийн дэргэд Чингис хаанд бараалхжээ. Чингис хаан Хорезмшахтай найрсаг харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Хар Киданыг Хүчлүг эзлэн авснаас хойшх үед тасраад байгаа торгон замын худалдааг сэргээх, Их Монгол улсын баруун талын аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх ашиг сонирхолтой нь шууд холбоотой байв. Хорезмын хаант улсын элч төлөөлөгчид Чингис хааны хүсэл эрмэлзлийг Мухаммед шахад уламжлахдаа: “Би чиний хүч их, танай улс том гэдгийг мэднэ. Чамайг өргөн уудам газар нутгийг эзэмшин ноёрхож буйг би мэднэ. Би чамайг өөрийн хайртай хүүгийн нэгэн адил үзэж, чамтай сайн харилцаатай байхыг гүнээ хүсэж байна. Би нэгэнт Хятадыг байлдан дагуулж, Хятадын хойт нутгийн бүх угсаатныг эрхэндээ оруулсан, чи үүнийг мэдэх ёстой. Чи мөн манай улсын дайчид нь шоргоолж мэт олон, нөөц баялаг нь мөнгөний орд уурхай арвин, үнэхээр бусдын газар нутагт шунах горьдох шаардлагагүй гэдгийг ойлговол зохино. Би гагцхүү бидний ноёд түшмэд, ард иргэдийн хооронд эрх тэгш арилжаа наймаа хийж, энх тайвнаар харилцаж байгаасай гэж л хүссэн билээ” гэсэн байна. [Яотин 2002: 287].
Зөвлөлтийн түүхч И.П.Петрушевский:“Тэр үеийн дипломатуудын хэлээр, хаан өөр нэг хааныг “өөрийн хөвгүүн” гэвэл, түүнийг өөрийн хараат болгон үзэж байгаа хэрэг болдог байжээ” [Петрушевский 1984:124] гэж тэмдэглэжээ. Гэтэл Л.Н.Гумилев хэмээсэн билээ. “Мухаммед саяхан асар уудам газар орныг эрхэндээ оруулж, өөртэйгээ эгнэх хүн, өрсөлдөх дайсангүй хэмээн сэхүүн загнан, ялж дийлсэн тэр их эрч хүчээрээ гадагш давшилтаа үргэлжлүүлэх, тэр ч бүү хэл эзэмшил нутгаа дорно зүгт тэлэн өргөжүүлэх, Хятадыг байлдан дагуулж дэлхийн эзэнт улс байгуулах төлөвлөгөөтэй байжээ”. [Яотин 2002: 287].
Мухаммедийн элчийн хариуд Чингис хаан Хорезмын Махмуд, Бухарын Али-Хожа, Отрарын Юсуф Канка гэдэг Монголд амьдарч байсан мусульман худалдаач гурван хүнийг худалдааны гэрээ байгуулахаар Хорезмын хаант улсад илгээжээ. Мухаммед шахад өгөх бэлгийн дотор асар том тунгаамал алт, шижир алтан гулууз, үнэт хув болон зааны ясан эдлэлүүд, цагааг тэмээний ноосоор хийсэн асар үнэтэй зүйлүүд байв.[Груссе 2003:216].
Чингис хааны элч нарт Мухаммед шах хандан:”Манай улс том гэдгийг ертөнц даяар хэн хүнгүй мэднэ. Танай хаан чинь намайг хүүгээ гэж нэрлэж яахин зүрхлэнэ вэ?” Тэр ямар хайшаа амьтан юм, хэд хичнээн цэрэгтэй болооод тэр вэ?” гэхэд монголын элч Мухаммедийн уурлан хилэгнэж байгаа болон омгорхог дүрийг хараад түүнтэй маргалдахаас зайлсхийж: “Таны цэрэгтэй жишвээс Чингис хааны цэрэг ганц морьтой хүнтэй адил буйзаа” гэж хэлсэнд Мухаммед шахын сэтгэл уужирч, Чингис хаатай эвийн гэрээ байгуулахаар шийджээ. [Петрушевский мөн тэнд].
Бидний үзэж буйгаар энэ элчийн ташаа мэдээлэл шах Мухаммедийг төөрөгдүүлж, дараа нь Отрарт ирсэн монгол элч төлөөлөгч болон түүний дагалдах худалдаачдын талаар алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн болов уу.
Чингис хаан хоёр улсын хоорондын арилжаа наймааг хөгжүүлэх үүднээс худалдааны зам дээр “Хараач” гэдэг харуул хамгаалат тавьж байжээ. Тэрбээр “Монгол улсын хилд нэвтрэн орж ирж буй худалдаачин хүн бүрт зар бичиг олгох, хааны хэрэгцээт барааг уул эзний хамт хаанд хүргэх, хаан зохих үнээр нь худалдан авах” тухай хууль хүртэл гаргаж байв. [Яотин 2002: 286].
Хорезмын улс руу Чингис хааны илгээсэн худалдааны хөсгийн талаар сурвалжид дурдсан зүйл болон судлаачдын санал нэлээд зөрөөтэй байна. Рашид ад-дины мэдээгээр тэмээн жинг дээрх гурван элч дагалдаж явсан бол [Рашид ад-дин т.I: 188] И.П.Петрушевскийн үзэж буйгаар тэдгээр элч тэмээн жингийн цуваанаасаа өмнө, тусдаа түрүүлж явсан гэжээ [Петрушевский 1984: 126] .Харин Р.Груссегийн үзэж буйгаар тэмээн хөсөг элч төлөөлгчдөөс нэлээд хожуу аян замд гарсан бөгөөд энэ удаа өөр элч нар болон их хааны бие төлөөлөгч монгол хүн явсан гэжээ. Тэрбээр бичихдээ: “Гурван элч Хорезм явснаас хойш хэсэг хугацаа өнгөрөөд Чингис хаан тавьсан саналаа хэрэгжүүлэх зорилгоор алт, мөнгө, хятад торго хоргой, тэмээний ноосон эдлэл, булга, халиу, минжний арьс тэргүүтэн ачсан маш баян худалдааны хөсгийг Хорезм руу хөдөлгөв. Энэ хөсгийн даамлаар бас л Монголд амьдардаг лал хүмүүсийг тохоон томилсон нь Омар Хожа (Отрарын), Гаммаль (Марагийн), Фахраддин-Дизаки (Бухар) гурав” байлаа. [Груссе 2003:217].Тэдэнтэй хамт өөрийн бие төлөөлөгч Ухуна гэдэг хүнийг Чингис хаан томилон илгээжээ. Ренэ Груссе бичихдээ: “Дорнод Ази, лалын ертөнц хоёрын хоорондын худалдаа наймааны ажлыг өргөтгөхийг Чингис хаан ихэд эрмэлзэж байсан” гэжээ. [Груссе 2003: 217].
Үнэт эдлэл бүхий 500 тэмээ ачааг авч явсан 450 худалдаачныг И.П.Петрушевский болон зарим судлаачид ихэд сэжиглэж тэдгээр хүмүүс “нүүдэлчин-цэргүүд” байсан бөгөөд худалдаа хийхээс гадна “цэргийн тагнуул хийх үүрэгтэй” байсан гэжээ. [Петрушевский 1984:130].
Бидний бодлоор ийм их үнэ цэнтэй ачаа барааг сахин хамгаалах, замд ачаа бараагаа ачих буулгах, тэмээгээ арчлах маллах зэрэг холын аян замд зайлшгүй гарах хүндрэл бэрхшээлийг тооцож ийм олон хүнийг дагалдуулан явуулсан буйзаа. Харин цэргийн тагнуул хийхийн тулд ийм их үнэ бүхий бараагаар халхавч хийх нь дэндүү гоомой зүйл болно.
Хааны хөсөг аян замдаа саад тотгоргүй явсаар Хорезмын хаант улсын хил Сыр-Дарья мөрний дунд салаанд орших өнөөгийн Туркестан хотын зэргэлдээ оршин байсан Отрар хотод хүрчээ. Хотын захирагч Иналчи нь Хорезмын Мухаммед шахын эх Теркены удам угсааны Хажир хан буюу “Хүчирхэг хаан” гэсэн цол хэргэмтэй, ихээхэн ов зальтай, бас шунахай этгээд байжээ. Тэрбээр кипчак, канглы түрэг овог аймгуудад тулгуурласан Теркен хатны талын хүн бөгөөд түркмен овог аймгаар гол тулгуураа хийсэн, төвлөрсөн хүчтэй засаг байгуулахыг эрмэлзэгч Мухаммед шахтай зөрчитэй нэгэн байв. Хорезмын улсын Теркен хатны талыхны тухай Жүвейни өгүүлсэн нь: ”Хайрлах өршөөхийг тэд ер мэддэггүй. Тэдний явж өнгөрсөн муж бүхэн цөлбөгдөн хоосорч, райатууд (тариачид) нь хэрэм цайзад нуугдан бүгж амь гарна” гэжээ. [Петрушевский 1984:124]. Иналчи хан Мухаммед шахад монголын худалдаачдын эд агуурсад шунасанаас хоёр улсын харилцаанд нэн сөрөг үр дагварыг бий болгожээ.
Монголын худалдаачид хилийн хот Отрарт худалдаа арилжаа хийхгүй, харин шахын өргөө байрлаж буй, нийслэл Самаркандад очиж Мухаммед шахад бараалхаж, дараа нь арилжаа наймаа хийх зарлиг хүлээсэн тухай тайлбарыг Иналчи ханхүлээж аваагүй байна. Иналчи хан бүх худалдаачдыг баривчилж, тэднийг Чингис хааны явуулсан тагнуул гэж зарлаад Мухаммед шахад энэ тухай мэдэгджээ. Монголын худалдаачдыг сайн харж хянаж байхыг Мухаммед шах зарлиг болгожээ. Гэтэл Иналчи хан худалдаачдын эд хөрөнгийг хураан авч Чингис хааны бие төлөөлөгч болон худалдаачдыг цаазаар авчээ. Тэднээс амь үлдсэн нэг хүн энэхүү аймшигт явдлын тухай Чингис хаанд айлтгажээ. Отрарын аллагын тухай В.В.Бартольд цохон тэмдэглэхдээ: ”Ийнхүү Хорезм шахын хийсэн хэрэг орчин үеийн олон улсын эрхийн үүднээс ч гэсэн Чингис хаанд дайн хийхэд нь хүрэлцэхээр барахгүй шалтаг өгчээ” гэжээ. [Бартольд 1963 а:467]. Гэхдээ энэ мөчийг хүртэл Хорезмтой дайтах тухай бодол Чингис хаанд хараахан төрөөгүй байсан гэж үзэж болно. Тийм учраас ч эе эвийг олох эцсийн горьдлого болгож Ибн Кафража Богра хэмээх лалын шашинт хүнийг хоёр монгол хүний хамт элчээр илгээж, худалдаачдыг алж хядсан хэргийн учрыг Мухаммед шахаас асуулгасан билээ. ”Чи надтай тохиролцсоноор бол манай улсын ямар ч худалдаачны ая тухыг алдуулахгүй гэсэн баталгаа өгсөн атал олон зуун худалдаачныг алж талж, гэрээ хэлэлцээнээс няцаад улсын эзэн гэсэн нэрээ хөөджээ. Хэрэв Отрарт худалдаачдыг алсан хэрэг чиний зарлигаар хийгдээгүй бол тэр жанжингаа надад тушаа, яаж шийтгэхээ би өөрөө мэдье. Эс бөгөөс чи дайтахад бэлтгэ” гэжээ. [Яотин 2002: 289]. Чингис хаанд Иналчи ханыг өгч явуулах боломж ч, хүсэл ч Мухаммед шахад байсангүй. Иналчи бол Мухаммед шахын эхийн талын хүн болохоор түүнийг Чингис хаанд барьж өгөх нь Хорезмын хагасыг өөрийн эсрэг босгохтой адил хэрэг байв. Ийм учраас Чингис хааны шаардлагыг Мухаммед шах хүлээж авсангүй. Лалын шашинтай хоёр монгол элчийг алж, Ибн Кафражагийн үс сахалыг хусаж туйлаас доромжлон буцаажээ. Насавийн өгүүлснээр гурван элчийг бүгдийг алсан аж [Бартольд 1963 a:467]. Зарим судлаачид Шах Мухаммедийн хүү Желал-ад-дин Иналчик ханыг Чингис хаанд өгч явуулах нь зүйтэй гэж эцэгтээ зөвлөсөн хэмээн зарим судлаач [Кычанов 2000:379] бичжээ.
Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас Хорезмын хаант улсад дайн зарлахаас өөр гарцгүй болжээ. Их Монгол улсын тусгаар тогтнолд дорно, өрнө зүгээс нэгэн зэрэг аюул нүүрлэсэн ийм эгзэгтэй нөхцөл байдал үүсчээ. Ийм нөхцөлд Алтан улстай дайтах үүргийг Мухулайд Чингис хаан даатгаж, өөрөө монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болохыг Тангуудаас шаарджээ.[Х.Шагдар]
Чингис хаан дайнд мордохын өмнө уул усандаа мөргөж тугаа тахиж, мөнх тэнгэртээ залбирсан ажээ.
1219 оны хавар Чингис хаан Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Тэр ёсоор Эрчис мөрний хөвөөнд их цэргээ хуралдуулав. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. [МУ түүх, II боть 2003:123]. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв. Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв.
Хорезмшах Мухаммед Монголын цэрэгтэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан бутаргаснаар хорезмчууд хэдийгээр цэргийн тоогоор давуутай байсан ч тухайн тодорхой газар нутагт монголчуудаас цэргийн хүчээр цөөн болсон нь тэднийг нэг нэгээр нь хялбар эзлэн авах боломжийг монголчуудад олгожээ.
Тоогоор монголчуудаас хавьгүй илүү байсан цэргийн хүчээ тарамдуулан хот суурингуудад ийнхүү бутарган хуваах болсон шах Мухаммедийн тактикийг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Олонх нь Хорезмын хаант улс нь дотроо хагаралтай байсан учир Мухаммед шах өөрийн орны цэргийн жанжин, ноёддоо итгэдэггүй байснаар тайлбарладаг. Нөгөө хэсэг нь түүнийг Чингис хааны цэрэгтэй шийдвэрлэх ерөнхий тулалдаанд орохоос зайлсхийсэн гэж үздэг байна. Яагаад Мухаммед шах ийм хачирхалтай алхам хийхэд хүрэв? Хэн түүний зүрхийг үхүүлэв? гэсэн асуулт гарч байгаа юм. Эзэнт гүрний түүх бичлэгт энэ асуудлыг анх Д’Оссон авч үзжээ. Тэрбээр Ан-Насавийн сурвалжийн мэдээнд тулгуурлан Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн гэжээ. Зүчийн цэрэгтэй түүний тулалдах болсон шалтгааны талаар Д’Оссон бичихдээ: “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд цохилт өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна. Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг хөдлөгөн Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлжээ. Мухаммед шах Иргиз гол хүрэхэд голын усыг гаталж болохооргүй хагас хөлдсөнд тэндээ буудаллан аятай цагийг хүлээжээ. Тэгэж тэгэж голыг гатлан Хүчүлүг ханы байгаа газрыг хайн хэдэн өдөр явтал олон морьт цэрэг ойртойж буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэр бол Хүчүлүгийн цэргийн гол хүчийг ялаад түүний толгойг аван буцаж явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ” гэсэн байна. [Д’Оссон 1937:129]. Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. “Султаны цэргийн хэсэгтэй дайралдвал биеэ аятай зохистой авч явж, хүндэтгэх ёс зарчмыг эвдэж таслах аливаа ааш зан гаргаж болохгүй гэж эцэг хаан зарлиг болгосон гэдгийг Зүчи хан мэдэгдэв” гэж Мухаммед шахад элч уламжилжээ. [Ан-Насави 1973:53-54]. Хорезмшах хариулсан нь:”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, бүхний Аллах чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, энэхүү тулалдааны төлөө надад буян амлаж байна. Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нар ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд. Иймд илд жадаа хугалан хэдэн хэсэг хуваагдах дайн болохоос гарцаагүй” гэжээ. [Ан-Насави 1973: 54]. Ийнхүү Зүчи Мухаммед шахтай тулалдахаас зайлшгүй болжээ. Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд биеэр цэргээ удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ. Хорезмшах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр байрлалдаа очиход Зүчийн цэрэг олон гал асааж орхиод тэр шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ.
Тухайн үед амьдарч байсан Сартаул иргэн Ибн aл-Асира (1160-1233) тэрхүү тулалдаан Мухаммед шахад хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэхдээ:”Хорезмын шах тийм бэрхтэй тулалдааныг урьд өмнө үзээгүй байжээ. Морьт цэргүүд явгалан бүр хутгаа барин, зарим нь нударга зангидан үзэлцэхэд морьд цусанд хальтирч байв. Мусульманы талаас 20 мянган хүн алуулжээ, нөгөө талаас хэдийг бүү мэд… шөнө болоход өөрийн байрлалдаа очсон монголчууд олон гал түлж орхиод зайлан явжээ... Хорезмын шах өөрийн цэргийн хүчний сул доройг мэдэж Бухарт ирээд, Бухар, Самарканд зэрэг хотын иргэдийг хориглолтод бэлтгэхийг тушаав” гэх зэргээр бичсэн байна. [Тизенгаузен 1884:6]. Өөрөөр хэлбэл, Мухаммед шахын зүрхийг Зүч үхүүлсэн учир тэрбээр хот суурингуудад цэргээ хуваан хүчээ тарамдуулахад хүрчээ.
Чингис хааны цэргийн дайралтын анхны бай нь мэдээж Отрар хот байлаа. Отрар хотыг дагуулах үүргийг Цагадай, Өгөдэйд даалгав. Сыр-Дарья мөрний их адаг руу Алаг ноён болон Зүчийн удирдсан хоёр замын цэргийг илгээв.
Чингис хааны гол цэргээ авч Хорезмын хаант улсын стратегийн чухал хот болох Бухарыг зорьсон нь хамгийн хүнд үүргийг өөртөө оногдуулсан хэрэг байлаа. Хорезмын шинэ нийслэл Самарканд нь Бухар хотоос зүүн тийш, хуучин нийслэл Ургенч нь Бухар хотоос баруун хойш оршиж байв. Шинэ нийслэлдээ шах Мухаммед, эх Теркен хатан нь хуучин нийслэлд тус тус сууж байлаа.
Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт буусан нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа.
1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бутцохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ.
Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоондп оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байсан ажээ.
Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик бум орчим хөлсний цэргээр хамгаалуулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байлаа. Тулалдаан эхлээ ч үгүй байхад Самаркандын хувь заяа үндсэндээ шийдэгдчихсэн байлаа. Самаркандын хамгаалалтын цэргүүдийг уутанд оруулах тактик хэрэглэн хээр гаргаж бутцохижээ. Хотын оршин суугчид бууж өгч, хотын хаалгаа нээжээ. 1220 оны 3 дугаар сарын 17-нд Мөргөлийн хаалгаар монгол цэргүүд Самаркандад оржээ. Тэр өдөртөө монголчууд хотын хэрмийг нурааж хот тойрсон гууг булж газартай тэгшилсэн байна. [Рашид-ад-дин т.I, кн., 2:207].
Самарканд хотыг тохинуулсаны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Үүний учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байсан оршино. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан цайзыг монгол цэргүүд удаан хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ.
Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших зэлүүд нэгэн арал дээр хэсэг хугацаанд нуугдаж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ.
Мухаммед шахыг анхнаасаа мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг үхсэний дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөрдөн байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, нийтдээ 8 мянган миль газрыг туулсан алдарт аян байлдаан нь монгол морины манёврийн чадавхи, монгол цэргийн ов заль, тэвчээр хатуужил, Чингис хааны цэргийн гайхамшгийг дэлхийн цэргийн урлагийн түүхэнд мөнхлөн үлдээсэн юм.
1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Зүчи хотыг боомилон буулгаж авах, харин Цагадай салхины аясыг олж хотыг галдан шатаагаад дайран орж эзлэх байр суурийг хатуу баримталж байсан учраас Үргенч хотын бүслэлт бүтэн долоон сараар сунжирчээ. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг бүрэн эзэлж авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ.
Чингис хаан гурван том хөвгүүдээ Ургенч хотыг эзлүүлхээр илгээхдээ отгон хүү Толуйг Хорасаныг дайлуулахаар томилов. Толуй хэдхэн сарын дотор Хорасаны дөрвөн муж болох Балх, Мерв, Нишапур, Гератыг
Энэ үед Мухаммед шахын хүү Хорезмын хаант улсын сүүлчийн шах Желал-ад-Дин Газни орчимд цэрэг хуримтлуулсаар байлаа. Желал-ад-Дины довтолгоог няцаах үүргийг Чингис хаан өөртөө хүлээжээ. Чингис хааны манлай цэрэг Желал-ад-Динд хоёр удаа цохиулсаны дараа Чингис хаан их цэргээ авч мордон, Желал-ад-Диныг үлдэн хөөсөөр Шин (Инд) мөрөнд гүйцжээ. Энд 1221 оны 11 дүгээр сард Шин мөрний хэмээн алдаршсан тулалдаан болжээ. Желал-ад-Дин энэ тулулдаанд ялагдаж, Шин мөрнийг гатлан Энэтхэг оронд зугтан зайлжээ.
Ийнхүү Хорезмын хаант улс мөхөж, түүний нутаг дэвсгэр, хүн ам Их Монгол улсын эзэмшилд бүрэн оржээ. Чингис хаан зорилгоо хэрэгжүүлсэндээ сэтгэл ихэд ханамжтай байсан бөгөөд хэсэг хугацаанд Сартуулыг засан тохинуулсаны дараа эх Монгол нутагтаа буцахаар шийджээ.
Чингис хаан бомбын шашны гэлэн Чан-Чүньтай 1222 оны 4 дүгээр сард уулзахдаа ертөнцийг төвшитгөх ёсны талаар ярилцаж байсан нь цаашид Сартуулыг төвшитгөн тохинуулах талаар ихэд санаа зовж байсантай нь юуны өмнө холбоотой байсан ажээ.
Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ. Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болсон ажээ. Энэ нь өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн эзэмшил газар орны цаашдын хувь заяаны тухайд санаа талбиж байсны бас нэг илэрхийлэл байлаа.
Судлаачид Чингис хааныг гагцхүү даосын арш Чан-Чүньтай уулзаж хүн алах, нүглийг тэвчиж урт наслах боломжийг эрэлхийлэх болсон гэж үздэг. Гэтэл арштай уулзаж ярилцахын хажуугаар лалын шашны хутагт хувилгаадтай мөн уулзаж Коран судрын үндсэн зарчмуудыг тайлбарлуулж байсан нь их сонирхолтой юм. Эзэлж авсан улс орныхоо ард түмний шүтдэг шашны тэргүүн нартай уулзаж өөртөө үнэнийг хайсан гэхээс илүү тухайн ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирахыг мэдэх зорилго бүхий байсан гэлтэй. Тийм ч учраас энэ хоёр орны санваартангуудыг аливаа алба татвараас чөлөөлсөн байна.
Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ.
Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ.
{mospagebreak}

2. Цагадайн улс байгуулагдсан нь Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүддээ газар нутаг хувааж өгсөн гэдэг. Цагадайд чухам ямар газар нутаг өгсөн талаар судлаачдын санал их зөрөөтөй байна.
Цагадайн эзэмшил газар хийгээд орд өргөөгийн талаар хамгийн анхны мэдээ бол Чан Чунь бомбын тэмдэглэл юм. Тэрээр 1221 онд Чингис хаантай уулзахаар Дундад Ази руу одохдоо болон 1223 онд түүнтэй уулзаад буцахдаа Цагадайн өргөөгөөр дайран өнгөрсөн тухай тэмдэглэсэн байна. Энэ үед Цагадайн өргөө Или голоос урагш байрлаж байв. [Бартольд 1963 a:460].
Г.В.Вернадскийн үзэж буйгаар Чингис хаан Цагадайд “Или голын саваар төвлөрсөн хуучин Хар Киданы газар нутгийг” хувь болгон олгожээ. [Вернадский 2001:52]. Цагадай “эцгийгээ нас барсны дараа эзэгнэл нутагтаа байх болж түүнд нь Уйгурын нутаг, Хара Киданы хуучин эзэмшил, Мавераннахр багтаж байлаа” хэмээн Ж.Ж.Саундерс өгүүлжээ. [Саундерс 1992: 82].
В.В.Бартольд бичихдээ: “Чингис хааны нөгөө хоёр хүү болох Цагадай, Өгөдэй нарт чухам хэзээ хувь олгосон тухай бидэнд мэдээ хараахан алга. Тэдний хувь газрын тухай хамгийн эртний мэдээ сэлтийг бид энэ нутгаар 1221 онд очихдоо,1223 онд буцахдаа дайран өнгөрсөн Чан Чуний тэмдэглэлээс олж үзэж болно. Цагадайн орд энэ үед Илийн урд биед байрлаж байв” гэжээ. [Бартольд 1963 a:460].
Сурвалжийн мэдээ мөшгөвөөс Лу. “Алтан товч”-д: “Чагадайг сартагчны газарт салгав” гэжээ. [Алтан товч 1990: 137]. Мөн тэнд “Чагадай эзний үр (хөвгүүд) зүүн зах нь Хэмил (Хамил) буй. Баруун зах нь Бургари (Болгар), Сэмисгин Самурхан (Самарканд), эд агсу (хүртэл) захачлан түмэн хот мэдэн эзлэв” гэжээ. [Алтан товч 1990: 147].
Дээрх мэдээг тулгуурлан үзвээс Чингис хаан Цагадайд хувь болгож Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг дэвгэр буюу хуучин Хар Киданы нутаг дэвсгэрийг таслан өгчээ.
Хар Киданчууд 936 оноос 1122 он хүртэл Бээжинг захирч байгаад 1128 онд зүрчдийн “Алтан хаанд” хөөгдөн Бээжингээс зугтан гарч Тэнгэр уулын баруунтаа очсон байна. Хэдийгээр тэд хятадын соёл иргэншлийг өвлөж авсан ч шинэ нутгийн түрэгүүд тэдэнтэй хоршин амьдрах болов. Тэгэхдээ тэдний нэг хэсэг, тухайлбал Долоон гол хавийнх нь бөө мөргөлтөн, зарим нь несториан, лалын шашинтан, харин Кашгар, Яркенд, Хотаны оршин суугчид толгой дараалан мусульманчууд байсан аж.
1229 онд эцгийнхээ их орд суусан Өгэдэй хаан зүрчидийн Алтан улс руу дайн хийж эзлээд 1236 онд “ Хятадын нутгийг ноёд болон хааны ах дүү нартаа хуваан эзэмшүүлэв. …Цагадайд Тхай-юань-фү, Гүюгт Да-минь-фү, … Цагадайд Даньцзинь… өгчээ. Хаан газар сайгүй дарга нарыг тодруулж, тухайн нутагт орлого цуглуулах түшмэдийг тавьжээ. Тэнд хаадын зарлиггүйгээр хэн ч газрын түрээс авах, цэрэг татахыг зүрхэлдэггүй байлаа” хэмээн Н.Я.Бичурин бичжээ. [Бичурин 1829:126]. Цагадай эзэмшилд орсон Тхай-юань-фу гэдэг нь Шаньси мужийн Тай-юань-фу хот, Даньцзинь гэдэг нь Шенси мужийн зүүн урд байх Нинь-цянь-чжэу хот мөн хэмээн “Монголын 100 хаан, найман богд” цувралын “Цагадай хаан” цувралд өгүүлсэн байна. [Хаадын сан 2000: 56].
Рашид-ад-Дины “Судрын чуулганд” Цагадайн эзэмшил газар бол Найманы аймгийн нутаг байсан Алтайн уулнаас Жейхун (Сыр-дарья) мөрөн хүртэл нутаг болно хэмээжээ. [Рашид-ад-Дин т.II:94]. Энэ мэдээгээр Цагадайн улсын бүрэлдэхүүнд Хар-Киданы нутгаас гадна Сыр-дарья болон Аму-дарья мөрний хоорондох сав газар буюу Мавераннахр багтаж байгаа билээ. Гэхдээ Мавераннахрын баруун хэсэг буюу хоёр мөрний адаг Зүчийн эзэмшилд багтах ажээ.
Чингис хаан Мавераннахрын захирагчаар Махмуд Ялавачийг томилсон нь эл газар нутаг их хааны мэдэлд байсан гэсэн үг юм. Тийм ч учраас Рашид-ад-Дин дараах нэгэн сонирхолтой мэдээг иш татсан байна. “Өгөдэй хааны үед их хааны зарлигаар Ялавачийн мэдэлд байсан Мавераннахрын зарим мужийг Цагадай өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх тухай зарлиг буулгасан гэдэг. Ялавач энэ нөхцөл байдлыг хаанд танилцуулав. Хаан, Цагадайгаас энэ тухай лавлан асуусан зарлиг илгээж хариу бичиж илгээхийг тушаасан байна. Цагадай: ”Би бодлогогүй ёс алдлаа, хариу болгож бичих зүйл ч алга. Гэвч хаан намайг заавал хариул гэж зарлигдсан учир ийнхүү бичив” хэмээн хариулжээ. Хаанд энэ нь ихэд таалагдсан учир тэрээр түүнийг уучилж тэр нутгийг Цагадайд инж болгон өгөв” гэжээ. [Рашид-ад-дин т. II:102]. Энд өгүүлж буй инж гэдэг нь алтан ургийнханы дунд өгөлцөх эзэмшил газрын хэлбэр бололтой.
Ийнхүү Өгөдэй хааны үед Цагадайн улсын газар нутагт Мавераннахрын зарим муж харъяалагдах болсон байна. Энэ байдал цаашид Цагадайн болон Зүчийн удмыхны хооронд газар нутгийн маргаан гарахад нөлөөлжээ.
Цагадайн улс хэмээн түүхэнд алдаршсан энэхүү улсын байгуулагдсан талаар он цагийн талаар судлаачид санал зөрөөтэй байдаг ажээ. Тухайлбал, Ш.Бира “Үнэн хэрэг дээрээ чухамхүү Алугу хан л Цагадайн Монгол хант улсыг байгуулсан ажээ. Тэрээр Төв Азийг бүхэлд нь өөрийн эрхшээлд авч, Цагадайн хуучин эзэмшил нутгийг өргөтгөн тэлжээ” гэсэн байна. [Бира 2001:439]. Гэтэл В.В.Бартольд “Цагадайн хант улсыг жинхэнэ үндэслэн байгуулагч нь Дува хан” хэмээн тэмдэглэжээ. Бидний бодлоор Цагадайн улс чухамдаа Цагадайг амьд сэрүүн байх үед бүрэлдэн тогтсон билээ. Цагадай 1227 онд Чингис хааныг тэнгэрт халихад эзэмшил нутагтаа очиж суусан юм. Цагадайн ахмад хөвгүүн Мүтүгэний 4 дүгээр хүү Хар Хүлэг Цагадайн улсын төрийг барьж байв. Цагадайн нь эзэмшил нутаг, улс иргэнээ ач хүү Хар Хүлэгдээ залгамжлуулахаар гэрээслэсэн ажээ. Хар Хүлэгийн хатан нь Эргэнэ бөгөөд Мубарек шахын эх юм.
{mospagebreak}
3. Цагадай болон түүнийг залгамжлагчдын үйл ажиллагаа Цагадайг эзэн Чингис хааны хоёрдугаар хөвгүүн болон 1183 оны харагчин туулай жилд төрсөн гэж ихэнх судлаачид үздэг бол зарим нь түүнийг 1185 оны хөхөгчин могой жил төрсөн гэдэг. Цагадайг мэндэлж байхад Тэмүжин эцэг нь 21 настай байж нэн хүнд нөхцөлд Монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө тэмцэж байв. Тэр үеийг “Одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, орондоо унтах завгүй, олзлон байлдаж байв” гэж МНТ-нд дүрсэлсэн байдаг. [МНТ 1990:226].Цагадайн ах Зүчи, хөвгүүн дүү нь Өгэдэй, Толуй нар болно.
Цагадай багаасаа ухаалаг, авьяастай гэгдэж байсан бөгөөд эцгийн билиг сургаалыг ах дүү нараасаа илүү сайн тусган авч чадсан учир хожим хойно Чингис хаан ноёд түшмэддээ хандаж хэлэхдээ:”Яса хууль, дүрэм журам, ёс заншлыг илүүгээр мэдэж, хаант ёсыг сахих хүсэлтэй тэр хүмүүс Цагадайг дага” гэж зөвлөж байв. [Рашид-ад-Дин т.II:93-94].
Цагадай бага залуугаасаа эцгээ дагаж, Их Монгол улсыг байгуулахын төлөөх тэмцэлд оролцож иржээ.
Цагадайг 20 настай байхад буюу 1201 онд Чингис хаан Хэрэйдийн Ван хантай дайтах үед Өгэдэйг шархдсан тухай сурвалжид өгүүлдэг. [МНТ 1990:132]. Дөнгөж 15 нас хүрч байсан Өгэдэй энэ байлдаанд оролцсоноос үзэхэд эрийн цээнд хүрсэн ах Цагадай нь мөн адил дайтаж явсан нь дамжиггүй.
Цагадай Тататунгаа багшаар бичиг үсэг заалгаж, гарамгай сайн сурсан учир хожим улсын заргач Шихихутагийн бичгээр үйлдсэн шийдвэрүүдийг хянан нягтлах үүрэг бүхий “Их засаг” хуулийг сахиулагч гэгдэх болсон буйзаа.
Цагадай 1211 оноос бие даан цэрэг удирдаж дайнд оролцох болжээ. Чингис хаан анх удаа Алтан улсыг дайлахдаа нэгэн замын цэргийг Зүчи, Цагадай, Өгэдэй нараар захируулжээ. Тэдний удирдсан замын цэрэг Юньнэй, Дуншэн, Үжоу, Шужоуг эзлээд Алтан улсын баруун нийслэл Сижинг (одоогийн Датун хот) бүслэн эзэлжээ.
Чингис хаан 1213 онд Алтан улсад довтлохдоо Зүчи, Цагадай нараар мөн нэгэн жигүүрийн цэргийг удирдуулан одоогийн Баодин, Динсянь, Синтай зэрэг газрыг эзлээд Шар мөрөн (Хатан гол) хүрсэн байна.
Алтан улсыг дайлах үед цэргийн авьяаслаг жанжин болохоо харуулсан Цагадай 1219 онд Чингис хаан Хорезмын хаант улсыг дайлахад дүү Өгэдэйн хамт нэгэн замын цэрэг удирдаж Отрар хотыг эзлэн авсан юм. Нийслэл Самарканд болон хуучин нийслэл Ургенчийг эзлэн авах байлдаанд Цагадай идэхтэй оролцжээ.
Чингис хаан 1224 онд их цэргээ хурааж Аму-дарья мөрнийг гаталж Самаркандад ирж өвөлжих үедээ Цагадай, Өгэдэй хоёрыг Хар нуур тийш явуулж хун, галуу зэрэг усны шувуу агнуулж, замын хүнсээ базаалгаж байв. Цагадай, Өгөдэй хоёр эцгийн зарлигийг дагаж өдөр тутам шувуу агнаж, долоо хоног бүр 50 тэмээнд ачин Чингис хаанд өргөн явуулж түүнийг баярлуулж байв. [Алтаншаа 1993:357-358].
Чингис хаан 1225 онд Тангуд улсыг дайлаар мордохдоо Цагадайг ар талын цэргийн нэг жигүүрийг удирдуулан үлдээв. [Рашид-ад-Дин т.II:95]. Цагадайд ар талын цэрэг хариуцуулах болсон шалтгаан нь Чингис хаан ахмад хүү Зүчи хоёрын хоорондын харьцаа муудсантай холбоотой гэж үзэж болох юм.”Судрын чуулган”-д тэмдэглэснээр Чингис хаан Зүчийг Килард, Башкирд, Урус, Черкес, Дешт-и Кипчак болон бусад нутгийг байлдан дагуулахыг зарлиг болгосон юм. Тэрбээр үүнд оролцохоос зайлсхийж, өөрийн суурин өргөө рүүгээ очсонд Чингис хаан ихэд хилэгнэн “Би түүнийг өршөөхгүйгээр цаазлана” хэмээн хэлсэн гэжээ. [Рашид-ад-ди т.II:78-79]. Зүчийн санаа хувиран эцгийнхээ үгийг дагахгүй болжээ гэж үзсэн Чингис хаан түүний зүг Цагадай, Өгэдэйг цэрэгтэй нь хамт эхэлж хөдөлгөөд дараа нь өөрөө явахаар зэхэж байв. [Мөн тэнд]. Энэ үед Зүчи хан нас барлаа гэсэн гашуудлын мэдээ иржээ. Олонхи судлаачид Зүчийг 1227 оны 2 сард нас барасан гэж үздэг.
Цагадайг ах Зүчитэйгээ эв түнжин муутай байсан тухай сурвалж бичигт олонтаа өгүүлсэн байдаг. Чингис хаан “Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхөчос өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтугай” гэж зарлиг болгожээ. [МНТ 1990:211]. “Цагадай хан өөрийн нь дэргэд байхад тун ширүүн догшин, тиймээс хэн ч түүн рүү харахаас айдаг байлаа” гэж “Татаруудын гарал үүслийн тухай түүх” номонд бичсэн байна. [Родословная история о татарах. Т.2 :3].
Түргэн ууртай, санасан бодсоноо шууд хэлчихдэг Цагадай хаан эцгийн ширээг Зүчитэй булаалдан түүнийг үг хэлүүлэлгүй:”Энэ мэргэдийн орхидост бид захирагдах гэж үү?” гэсэнд Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн:”Хаан эцэг намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!” гэв. Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад Чингис хаан дуугуй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн:”Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ” гэв. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн:”Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи биш үү? Хожим тэгж бүү хэлтүгэй” гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн:”Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй. Аавын хөвгүүдийн ахмад нь Зүчи бид хоёр биз. Өгэдэй өршөөлтэй тул өргөмжлөхөд болно” гэжээ. [МНТ 1990:225-229].
Ингээд Цагадайн санал дэвшүүлснээр Өгэдэйг хаанд өргөмжлөхөөр тогтжээ. Хөвүүдийн дотороос гарал үүсэл нь ямар ч маргаангүй байсан Цагадай санаа бодлоо эцэгтээ чөлөөтэй илэрхийлдэг байсан бөгөөд хаан түүний үгийг дагадаг байсныг энэ баримт гэрчилж байгаа юм.
Нөгөө талаар Чингис хаан хөвгүүдийн тухай ярих тоолондоо “Хөвүүдийн минь ах Зүчи билээ” гэж хэлж байсан нь санамсаргүй зүйл биш юм. [МНТ 1990:208]. Хэдийгээр Зүчи түүний төрсөн хүү биш байсан ч Чингис хаан энэ асуудлыг хөндөх боломжгүй байв. Эс тэгвээс түүний өөрийнх нь гарал үүслийн тухай асуудал тавигдах нь зайлшгүй байв.
Зүчи эцгийгээ залгамжлан их хааны суудалд суулгах зөвшөөрөл олдоогүйд дотроо гол буруутан Цагадайд дургуйцэн түүнтэй үг хэлээ ололцохгүй болсныг дараах баримт гэрчилж байна. Хорезм улсын хуучин нийслэл Ургенчийг байлдах үед Зүчи, Цагадайн хоорондын зөрчил хурцадсаныг өмнө өгүүлсэн. Энэ хоёрын эв түнжин муудалцсан явдал хожим тэдний үр хүүдүүдийн хоорондын харилцаа холбоонд муугаар нөлөөлсөн билээ.
Чингис хааныг тэнгэрт хальсны дараа 1229 онд Өгэдэйг хаан ширээнд залах Их хуралдайд Цагадай отгон дүү Толуйн хамт чухал үүрэг гүйцэтгэв. Өгэдэйн хаанчлалын үед Цагадайн нэр хүнд өндөр байсан төдийгүй Толуйг нас барснаас хойш улам ч дээшилжээ. Өгэдэй хааныг 13 жил төр барихад түүний өмөг түшиг болж байсан Цагадай их хааны ахын хувьд, “Их засаг” хуулийг гарамгай мэдэх хүний хувьд Их Монгол улсыг бэхжүүлэх үйлсэд бүхий л оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулсан юм. Өгэдэй хааныг тэнгэрт хальсанаас хойш хэдхэн сарын дараа 1242 оны эхээр Цагадайөөд болжээ.
“Судрын чуулган”-д бусад сурвалжаас илүү дэлгэрэнгүйгээр Цагадайн гэр бүлийн тухай өгүүлсэн байдаг. “Чингис хааны хоёрдугаар хөвүүн нь Цагадай бөгөөд түүний эх нь хонгирад аймгийн Дай ноёны охин, Чингис хааны их хатан Бөртэ Үжин юм. Цагадай нь олон хатан, татвар эхнэртэй байжээ. Тэднээс хамгийн их нөлөөтэй хоёр хатан байв. Нэг нь хонгирад (аймгийн) эзэнтэн Даритайн хүү ... ноёны охин Есөнлун бөгөөд тэр Цагадайн алдаршсан бүх хөвгүүдийн эх юм. Чингис хааны их хатан Бөртэ Үжин ба Есөнлун хатан хоёул ах дүүсийн хүүхэд байжээ. Нөгөө нь Туркан (Турьхан) хатан бөгөөд дээр дурдсан Есөнлун хатны дүү нь билээ. Цагадай Есөнлун хатнаа өөд болсоны дараа Турканыг гэргий болгон авсан билээ. Цагадай нь зургаан хүүтэй байжээ. Тэднийг насны дарааллаар дурьвал:1.Мүтүгэн, 2.Мужи Яя, 3.Белькеши,4.Сарабан, 5.Есөн-Мөнх, 6.Байдар, 7. …, 8.. …” гэж Рашид-ад-Дин бичжээ [Рашид –ад-дин т.II: 88-89].“Татаруудын гарал үүслийн түүх” номонд “Цагадай олон хатантай байснаас хонгирад аймгийн эгч дүү хоёр хатнаа их хайрладаг байв. Цагадай олон хүүхдийн эх Буссулун хатнаа нас барсны дараа Тархан хатнаа авчээ. Цагадайн хүүхдүүд нь: 1.Мутуган, 2.Мучи, 3.Балда-шаг, 4.Сагинлалга, 5.Сарманс, 6.Буссумунга, 7.Байдар” гэсэн байна [Родословная история о татарах т.II:10].
Дээрх хоёр сурвалжийн мэдээнээс үзэхэд авааль гэргий, халамжит Есөнлун хатнаа нас барахад тэрээр түүний дүү Турканыг хатнаа болгон авснаар нэгд, талийгч хатандаа их хайртай байсныг, хоёрт, өнчин хоцорсон олон хөвгүүдээ төрсөн эхээс нь дутхааргүй хайрлах хүнийг олж авсныг харуулж байна. Үүнээс гадна Цагадайн хөвгүүдийн тоо хоёр сурвалжид зөрж байна.
Цагадайн ахмад хүү нь Есөнлун хатнаас төрсөн Мүтүгэн бөгөөд тэрбээр өвөг эцэг Чингис хааны дэргэдөсөж торнижээ Бамиан цайзыг байлдах үед Мүтүгэн шархдаж нас барахад Чингис хаан ихэд хорсон гашуудаж, эсэргүүцэл үзүүлэгчдийг устгаж, барилга бэхлэлтийг нураажээ [Рашид-ад-Дин т.II:89].
Энэ үед Цагадай Ургенчийг эзэлж аваад буцаж ирсэн аж. Чингис хаан Мүтүгэнийг алуулсан тухай эцэгт нь шууд хэлж зүрхэлсэнгүй. Энэ тухай Цагадайд хэлэхгүй байхыг зарлиг буулгажээ. Мүтүгэн юманд явсан гэж эцэгт нь хэлээд хэд хоносон ажээ.
Чингис хаан нэг удаа шалтаг олоод хөвгүүддээ: “Та нар миний үгэнд орохгүй, хэлж ярьсныг дагаж гүйцэтгэхгүй байна” гэж зориутаар аашилж загнажээ. Тэгэхэд нь Цагадай өвдөг сөхрөн “Эцэг хаан таны юу гэж тушааж зарлигдсанаар би зүтгэнэ. Би чадлын хирээр зүтгээд хэрэгцээтэй бол амиа өгөхөд ч бэлэн” хэмээн өгүүлэхэд нь Чингис хаан:”Чи үүнийг үнэн сэтгэлээсээ хэлж байна уу, чи үнэхээр миний хэлснийг дагах юм уу” гэж дахин дахин лавлахад Цагадай:”Өөрийн хэлсэн үгээсээ зөрчвөл, би үхтүгэй” гэж хариулжээ. Яг тэгж хариулахад нь эцэг нь :”Мүтүгэн байхгүй болсон, чи уйлж цөхөрч болохгүй” гэж хэлэв. Цагадайн дотор харанхуйлан гашуудсан боловч хэлсэн амандаа эзэн болж тэсвэрлээд уйлж унжсангүй. Харин гадагш гараад холхон очиж нууцаар нилээд уйлж сэтгэлээ онгойлгоод хаан эцгийн өргөө рүү буцаж ирсэн байна. “Судрын чуулган”-д өгүүлсэн энэхүү мэдээнээс үзэхэд Чингис хаан хүү Цагадайг ах дүү нараасаа түрүүлж дуу гарахыг мэдэж байсан учир ийнхүү аашилж загнан эхэлсэн ажээ.
Мүтүгэн нь Байжу, Бүри, Есөндува, Хар Хүлэг гэсэн дөрвөн хүүтэй байв. Эдгээрээс Бүри, Есөндува, Хар Хүлэг нар Цагадай улсын түүхэнд нэрээ үлдээсэн төрийн томоохон зүтгэлтнүүд юм.
Мүтүгэний ахмад хөвүүн Байжу нь Тудан гэдэг нэг хөвүүнтэй, Тудан нь Бужай гэдэг хүүтэй, Бужай нь Абдаллах гэдэг хөвүүнтэй байжээ.
Мүтүгэний хоёрдугаар хөвүүн Бүрийн тухай нэгэн хууч яриа байдаг. Эв-оглануудын гэрийн зарц нар цугларч ордны ажилд хамжилцдаг байжээ. Нэг удаа Мүтүгэн хааны ордонд орохдоо олон хүүхэн цугласныг харжээ. Тэдний дунд үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй байхыг үзсэн Мүтүгэн түүнтэй уулзан, дагуулж яваад өрөөнд орж нийлсэн байна. Тэр бүсгүй нь жирэмсэлж магадгүй гэж үзээд Мүтүгэн нөхрөөс нь тусгаарлан хамгаалахыг тушаав. Тэр бүсгүй үнэхээр жирэмсэн болоод мэндэлсэн хүү нь Бүри юм. Бүрийг мэндэлсний дараа түүнийг хан хүүгийн ордны халамжинд авч эхийг нь хуучин нөхөртэй нь дахин нийлүүлсэн байна.
Энэхүү Бүри нь тун зориг зүрхтэй, шазруун эр болов. Тэрбээр согтохоороо элдвийг ярьж агсамнана. Мөнх хааны үед Бүри архи ууж согтохдоо сэтгэлдээ нуугдаж байсан хорслоо тайлж Батыг муу хэлэн хараадаг байв. Энэ тухай Бат мэдээд түүнийг өөрийн ордонд ирүүлэхийг шаарджээ. Мөнх хааны зарлигаар Мөнхсар ноён Батын ордонд Бүрийг хүргэхэд Бат түүнийг цаазалсан байна.
Бүри таван хөвүүнтэй байв. Тэдгээрээс нэрд гарсан нь отгон хүү Абишка бөгөөд тэр нь Уруг нэрт нэгэн хөвүүнтэй. Хубилай нь Аригбөхтэй хаан ширээ булаалдан эв эвдрэлцэхдээ Абишкаг Цагадайн улсын Хар Хүлэгийн оронд эзэн суулгаж, Эргэнэ хатныг баривчлуулахаар явуулжээ. Замд нь Аригбөхийн цэргүүд Абишкаг баривчлан аваачжээ. Зарим мэдээгээр Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн тушаалаар Абишкаг цаазалсан гэх агаад өөр мэдээгээр энэ Абишка нь Хубилай хааны дэргэд байнга байсан бөгөөд дараа нь Хубилай хааны хүү Өлзийт хааны дэргэд нас өндөр болтол байсан гэх ажээ [Рашид-ад-Дин т.II:90,166]. Абишкагийн оронд Алгуйг Аригбөх Цагадайн улсыг захируулахаар томилон явуулжээ.
Алгуй бол Цагадайн ач, Байдарын хөвгүүн билээ. Аригбөх өөрийнхөө дэргэд алба хааж байсан Алгуйд гэрэгэ, зарлигаа атгуулан Цагадайн улсын эзнээр томилон явуулахдаа Дорнод Туркестанаас тариа нийлүүлэх, Алтан ордны зүгээс Хубилай руу цэрэг илгээхэд хүрвэл түүнийг тосон тулалдаж Монгол руу оруулахгүй байхын зарлигджээ. Хар Хүлэгийн хатан Эргэнэг Алгуй өөрийн хатнаа болгожээ.
Алгуй 1263 оноос Аригбөхийн нөлөөнөөс гарч бие даах бодлого баримтлаж эхэлжээ. Аригбөх Цагадайн улсаас авахуулхааар илгээсэн элч нарыг Алгуй удаан хугацаагаар саатуулж улмаар ноёдын зөвлөлгөөнөөр хэлэлцэн тэдгээр элч нарыг бүгдийг нь алж хороож байжээ. Тэрбээр хожим нь Мавераннахраас Алтан ордны цэргүүдийг шахан гаргаж газар нутгаа тэлсэн ажээ.
Алгуйг нас барахад Эргэнэ хатан ноёдыг ятгаж өөрийн хүү Мубарек шахыг их хааны зөвшөөрөлгүй Цагадайн улсын эзэн суулгажээ. Мубарек шах Цагадайн удмынхан дотроос хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. [Бартольд 1963 б:68-69].
Мүтүгэний гуравдугаар хүү Есөндува бөгөөд тэрбээр Мөөмэн, Басар (Ясаур), Борак (Борог) хэмээх гурван хөвүүнтэй байв. Мөөмэн нь архинд хэтэрхий орсон, хэсэж зугаалах нь дэндсэн нүгэлтэй нэгэн байв гэж Рашид-ад-Дин тэмдэглэсэн байна. [Рашид-ад-Дин т.II:91].
Есөндувагийн хоёрдугаар хүү Басар нь Ил хаант улсад сайдаар очижээ. Тэрбээр удалгүй амь үрэгдсэн ажээ. Есөндувагийн гуравдугаар хөвүүн Борак билээ. Борак нь Хубилай хааны дэргэд өсч өндийж, албан үүргээ гаргууд сайн биелүүлж байжээ. Цагадайн улсын эзнээр Хар Хүлэгийн ганц хөвүүн Мубарек шах байсан үед Хубилай хаан Цагадайн улсын толгойд Боракийг суулгах зарлиг гарган явуулжээ. Борак Цагадайн улсад очиж, арга заль хэрэглэж, Мубарек шахыг зайлуулан, тэнд эзэн суужээ.
Цагадайн улсын хил хязгаар нь Өгэдэй хааны ач хүү Хайдугийн эзэмшил нутагтай хиллэдэг байв. Борак Хайдугийн нутгийн хэсэг газрыг эзлэн авч Хайдугийн цэрэгтэй хэд хэдэн удаа тулалджээ. Гэсэн хэдий ч удалгүй Өгэдэй хааны удмын Кипчак ноён тэр хоёрын дунд зуучилж эвлэрүүлжээ. Борак Хайду хоёр анд бололцож бие биеэ хүндэтгэдэг болжээ. Хожим хойно энэ хоёрын үр хүүхдүүд нэг нэгнээ “анд” гэж нэрлэдэг байсан гэж Рашид-ад-Дин өгүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].
Боракийг нас барсны дараа Цагадайн дөрөвдүгээр аөвүүн Сарабаны хүү Никпей Цагадайн улсын хаан ширээнд суужээ. Алгуй Цагадайн улсын хаан байх үедээ Алтан ордны мэдэлд байсан Мавераннахрыг эзлүүлэхээр Никпейд 5 мянган цэрэг захируулан явуулжээ. Никпейтэй хамт Учачар ноён, Хабаш Амидын хүү Сулейман-бэхийг хамт илгээн тухайн зорилгыг гүйцэлдүүлж байв. Никпей 1271-1272 онд хаан суужээ.
Бүрийн хөвүүн Хадагсэцэний хүү Бөхтөмөр (Туга-Темюр) Никпейн оронд хаан ширээг залгамжлав. Бөхтөмөр хаан суугаад төдийлөн удалгүй арьсны хомхруу өвчтэй болсон гэнэ. Түүний толгойны бүх үс халцран унаад, энэ өвчнөөсөө болж өөд болжээ. [Рашид-ад-Дин т.II :100].
Цагадайн улсын улс төрийн байдал 1282 онд хаан ширээнд суусан Боракийн хүү Дувагийн үеээс ихэд тогтворжжээ Дувагийн зургаан хүү Цагадайн улсын хаан ширээг залгамжилжээ.
Дува ханы төр барьсан хугацааны талаар эрдэмтдийн санал зөрөөтэй байдаг. В.В.Бартольд түүнийг 1282 оноос төр барьсан гэж үздэг ажээ. [Бартольд 1963 б:70]. К.Э.Босфорт түүнийг 1291 оноос хаан суусан гэжээ. [Босфорт 1971:197]. Дува 1307 онд нугас тархи нь хавдан саа өвчин дайрсны улмаас тэнгэрт хальжээ [Бартольд 1963 б:73]. Өөрөөр хэлбэл Дува 25 жил Цагадайн улсын төрийн жолоог атгаж байжээ.
Дува хан өмнөх хаадын үед байнга гарч байсан язгууртан ноёдын хоорондын дайн самууныг намжааж, улс орноо төвхинүүлэв гэж Махмуд ибн Валид онцлон тэмдэглэжээ [Пищулина 1983:44]. Дува хан улс төрийн дотоод байдлаа тогтворжуулж чадсан хэдий ч улс төрийн гадаад байдал нь төдийлэн тайван бус байв.
Дува нь Хайду ноёны хамтран зүтгэгч байсан төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр болсон Хубилайн эсрэг зэвсэгт тэмцэлд биечлэн оролцож явжээ. Түүнээс гадна Бат хааны ах Ордын удмын Баян хантай Дува Хайду хоёр 18 удаа тулалдаж байсан гэж В.В.Бартольд тэмдэглэжээ. [Бартольд 1963 б:70]. Хубилай хааны хүү Төмөр хаанд Баян хан элч зарж Хайду Дува нарын эсрэг холбоо байгуулж цэрэглэн цохих санал дэвшүүлжээ. Гэвч Төмөр хаан хатан эхийн зөвлөснөөр тодорхой хариу өгөөгүй байна. 1301 онд Хайду Юань улсын цэрэгтэй тулалдаж яваад амь үрэгдсэн ба Дува энэ тулалдаанд хүнд шарх олж “насан турш эдгэрэхгүй өвчтэй болжээ” [Бартольд мөн тэнд].
Гэлээ хэдүй ч Дува хан идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлж Монголын эзэнт гүрний хэмжээнд дөрвөн улсыг холбооны хэлбэрээр нэгтгэж худалдаа арилжаа хөгжүүлж тогтмол харилцаа холбоог тогтоох санал дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж байжээ. Тусгаар улсуудын тэргүүн нар нь эзэнт гүрний их хааны билэгдлийн удирдлагын дор бие биетэйгээ эвтэй найртай аж төрөх ёсиой бөгөөд худалдаа наймаагаа бүх Монгол гүрний хэмжээнд явуулна гэжээ. [Бартольд 1963 б:72].
Дува хан энэхүү төлөвлөгөөг Юань улсын их хаан Өлзийт (Төмөр) зөвшөөрч, өөрийн элчийг Дундад Азид томилон явуулжээ. 1304 онд уг элчийн хамт Дува хааны элч Эл хаант улс, Алтан ордны улсын хаадуудад уг төлөвлөгөөг танилцуулжээ. Тэд төлөвлөгөөг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээр байгуулсан авч тэр нь биелсэнгүй. Учир нь 1305 онд Хайду ноёны хүү Чапарын цэрэг Цагадайн улсын нутаг Мавераннахрт довтлон дайн өдөөжээ.
Дува хан Чапарт элч илгээн “Эвгүй явдлын учрыг ярьж шийдье” гэжээ. Үүний дагуу Ташкентэд уулзалт хийхээр болсон боловч Өгэдэй, Цагадай нарын үр ач нар хоорондоо тулалдаж Дува Чапарыг буулган авсан байна.
Дуваг нас барахад түүний орыг хөвгүүн Кунжик залгамжилсан боловч тун удалгүй 1308 онд нас нөхчижээ. Хаан ширээг Бүрийн ач Талику эзлэн авав. Тэрбээр лалын шашинтан байсан бөгөөд Дувагийн үр хүүхдүүд түүний эсрэг хуйвалдаан зохиож Кебек 1310 онд түүний амь насанд нь халджээ.Кебек тэр жилдээ ноёдын чуулган хийж, өөрийн ах Эсэнбөхийг хаан ширээнд өргөмжлөв.
Эсэнбөхийн хаанчлалын үед Цагадайн улсын дотоод байдал тогтвортой байсан боловч гадагш хийсэн аян дайн түүнд сөргөөр нөлөөлжээ. Юань улсын хилийн цэрэгтэй тулалдснаас дайн дэгдэж, Юань улсын цэргүүд Эсэнбөхийн өвөл, зуны ордыг эзлэн сүйтгэжээ. Юань улсын хааны эсрэг холбоо байгуулах зорилгоор Алтан ордны хаан Узбектэй хийсэн хэлэлцээр нь төдийлэн амжилтанд хүрээгүй аж. Эл хаант улстай холбоо тогтоох оролдлого нь мөн бүтэлгүйтэв. Бартольдын тооцоогоор Эсэнбөх 1318 оны үед нас барсан бололтой.
Цагадайн улсын түүхэнд нэрээ мөнхрүүлсэн тоотой хэдэн хаадын нэг болох Кебек 1318-1326 оны хооронд төр барьж байв. Арабын жуулчин Ибн Баттута 1333 онд Дундад Ази, Цагадайн улсаар аялахдаа Кебек ханы талаар сонссон зүйлээ бичиж үлдээжээ. Кебек бөө мөргөлтөн байсан бөгөөд улс орондоо шудрага байдал тогтоохын төлөө, лалын шашинтныг энэрч хамгаалхын төлөө, албат нарынхаа аятай байдлын төлөө тэмцэж байлаа. Тэр үед Цагадайн улсын нийслэл нь Нахшеб байв. Нахшеб хотоос холгүй газарт Кебек өөртөө тусгай орд байгуулжээ. Уг ордыг Карши (харш) гэж нэрлэдэг байв.
Кебек нь Цагадайн улсын хаад дотроос анх удаа улсынхаа хэмжээгээр хэрэглэх мөнгөн зоосыг өөрийн нэрийн өмнөөс цутган гаргажээ. Энэхүү зоосыг түүний нэрээр кебекүүд хэмээн нэрлэж байв. Энэ нэр нь орос хэлэнд сунжирсаар “копейка” болон хувирсан гэж зарим судлаачид үздэг аж. [Хаадын сан 2000 а:205].
Зарим түүхчдийн үзэж буйгаар Кебек өөрийн үхлээр нас нөхчсөн аж. Харин Ибн Батуттагийн тэмдэглэснээр Кебек өөрийн дүү Тармаширинд алагдсан гэдэг.
Кебек, Тармаширин нарын хооронд Дува ханы өөр хоёр хүү Илжигдэй, Дурра-Төмөр нар хэдхэн сарын хугацаагаар төр барьж байв. Илжигдэйн үед Цагадайн улсад католик шашны суртал ухуулга дэлгэрч Фома Мангазола хэмээх доминикан ёсны гэлэн шашны үйл ажиллагааг өрнүүлж байв. 1329 онд гэлэнг Авиньон руу нутаг буцахад пап лам түүнийг Цагадайн улсын хамбаар томилон буцаан явуулжээ.
1326 оны сүүлээр Цагадайн улсын хаан ширээг Тармаширин эзлэн авав. Тэрээр 1334 он хүртэл хаанчилжээ. Нахшеб хотын ойролцоо Тармаширинтэй Ибн Батутта дайралджээ. Тармаширин нь лалын шашин шүтэж суурин амьдралыг илүүд үзэж байсан бөгөөд мусульманчууд түүнийг Ала ад-Дин гэж нэрлэдэг байв. Түүний нүүдэлчин ардынхаа уламжлал ёс заншлаас хэтэрхий тасарч холдлоо хэмээн зарим хан хөвүүд дургүйцэн бослого гарган халджээ. Уг бослогыг Дурра-Төмөр ханы хүү Бузан удирдаж байсан бөгөөд тэрээр Тармаширинийг хаан ширээнээс зайлуулж амийг нь хөнөөсөн ажээ.
Бузаны тухай Ибн-Батутта өгүүлэхдээ түүнийг лалынханд дургүй харин загалмайтнууд болон еврей нарт их талтай байсан учир тэдэнд сүм хийдээ сэргээн босгох боломж олгосон гэжээ. [Бартольд 1963 б:76]. Бузан хэдхэн сар төр бариад мөн 1334 ондоо хаан ширээг Дувагийн ач Женкшид тавьж өгчээ. Женкши хан бурханы шашинтан байсан бөгөөд 1332 онд 172 олзны орос хүмүүсийг илгээснийхээ төлөө мөнгөн шагналхүртэж байжээ. Женкши ханы орд нь Алмалигт байсан бөгөөд католик шашны лам нар тус хотын ойролцоо газар худалдан авч сүм дуган бариулжээ.
Женкши ханыг 1338 онд түүний дүү Есөнтөмөр амь насыг нь бүрэлгэх замаар төрийн эргэлт хийжээ. Есөнтөмөр удалгүй сэтгэл санаагаар унаж, ахынхаа үхэлд өөрийн эхийг буруутгажээ.
Түүний дараа Цагадайн улсын хаан ширээг Өгэдэй удмын Али-султан булаан авч загалмайт шашинтны эсрэг аллага хядлага явуулжээ. Энэ аллагын үеэр католик шашны бүх лам нар амь үрэгджээ.
Али-султаны дараа Кунжиг ханы ач Мухаммед-Пулад хан болж, түүний орыг Ясавурын хүү Казан эзлэв. Казан дайн самуунд доройтсон хант төрийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж яваад 1346 онд Казаган ноёны гарт амь үрэгджээ. Түүний дараагийн хаадууд ёс төдий төр барьж байсан бөгөөд төрийн бодит эрх мэдэл монгол, түрэг ноёдын гарт оржээ.
Цагадайн улсад 1241 оноос хойш 1370 онд Доголон Төмөр төрийн эрхэнд гарч ирэх үе хүртэл нийтдээ 25 хаан төр барьсан гэж судлаачид үздэг [Босворт 1971:197].
Гэвч Мавераннахрт Цагадайн угсааны Казан ханы дараа 1346 онд Өгэдэйн удмын хан Данишменж 2 жил төрийн эрхийг булаан авч барьж байв. Түүний дараа 1370 он хүртэл 22 жилийн турш бодит эрх мэдэлгүй болж, монгол, түрэг угсааны ноёдын гар хурууны тоглоомын хүүхэлдэй болсон Баян-Кули, Төмөр шах нар ээлж дараалан хаан ширээнд сууж байв. Харин Моголистанд 1348 онд төрийн эрхэнд гарч ирсэн 18 настай Туглагтөмөрийг Дува ханы ач хэмээн зарлаж хаан ширээнд өргөмжилжээ. Туглагтөмөрийн эх нь Дува ханы хүү Эмиль-Хожагийн эхнэр байгаад түүний нас барахад хоёр дахь нөхрийн гэрт бие давхар очсон хэмээн үздэг байна. [Бартольд 1963 б:79-80]. Өөрөөр хэлбэл, Туглагтөмөр Цагадайн удмын хаан гэхэд ихэд эргэлзээтэй учир зарим судлаачид түүний Цагадайн улсын хаан гэж үздэггүй байна. Зарим судлаачид Цагадайн угсааны сүүлчийн хан Казан гэж үздэг байна. Бидний бодлоор Цагадайн улс 1370 онд Доголон Төмөрийн дайны хөлд мөхсөн бололтой. Гэвч Цагадайн улсын үлдэц болсон хэсэг бусаг нүүдэлчид орон нутагтаа оршсоор байжээ.