МЭӨ 3-р зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Дээд цэгтээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Ляо гол буюу одоогийн Ордос, хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюү үндэслэжээ. Түүний хүү Модун Шаньюү нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж аймгуудыг нэгтгэж хүчирхэгжүүлжээ. Тэдгээр зүүн Монголд хамгийн хүчтэй байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзлэжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тиан энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.
Модун шаньюү МЭӨ 174 онд нас барснаас хойш 100 гаруй жилийн турш Хүннү ноёрхож байв. Харин улмаар эзлэгдсэн Дунху нар, өмнөд талаарх Хятадууд нь Хүннүг өмнө, умар хоёр тийш хуваан задалжээ. Өмнөд Хүннү нарыг Хятадууд эзлэж нийлмэл цэргүүд нь Умард Хүннү нарыг довтолж эхлэжээ. Ийнхүү цохигдсон умардынхан Жижи шаньюүгаар удирдуулан Кангю аймагтай холбоо тогтоож улмаар МЭ 372 оны үеэс Ромын эзэнт гүрнийг барбаруудтай (Barbarians) унагаалцах болсон, Аттилагийн үед дээд цэгтээ хүрсэн Хүн нар (Huns) болжээ.
Сяньби буюу Сүмбэ улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Тянь Шихуйгийн (141-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Тянь Шихуй хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сяньби нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сяньбигийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сяньби нь 3-р зуунд бутарчээ. Сяньбийн хэсэг болох Тоба вэй аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. 581 онд бутарчээ.
Сяньбийн гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг.
Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Жужаний удирдлага доорх Түрэг угсаатан бослого хийж, 555 онд мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан Түрэгийн эзэнт гүрэн нь Чингисийн гүрнээс өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ. Жужаний зарим хэсэг Монголоос гарч 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн ард нь Татар аймгуудын овог дээдэс болжээ.
Түрэг
Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.
Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрчхоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.
Уйгур
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.
Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.
Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.
Хиргис
Гол өгүүлэл: Хиргис
840 онд Енисейн хиргисүүд Уйгуруудыг хөөж богино хугацааны турш үргэлжилсэн хаант улсыг одоогийн Монгол улсын нутагт тогтоожээ. 924 онд өөрсдөө кидан буюу хятан нарт дээд Енисей хүртэл хөөгджээ. Хиргис нь Монгол нутагт ноёрхсон сүүлийн түрэг угсаатан байлаа.
Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо династи хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эзлэдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ.
Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөлөөс арай холдож, чан буддизм шашинтай байжээ.
Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн династитай Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан киданчууд дүрвэсээр 1128 онд Кашкарт хүрч, тэндээ чухал үүрэг гүйцэтгэсэн Хар Хятан хаант улсыг байгуулжээ.
0 comments:
Post a Comment