Кидан үндэстэн нь Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар нутаглаж байсан бөгөөд сяньби нарын тасархай гэгддэг монгол лугаа нэгэн удамтай үндэстэн гэгддэг бөгөөд тэдний ихэнх нь Дорнод Ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.
Елюй Абужи улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ. Кидан улс умард хятадын ихээхэн газар нутгийг эзэлсэн тул ийм хуваарь тогтоосон гэж болно.
Өмнөд Ордод суурьшмал тариаланч иргэд зонхилох бол Умард Ордод уугуул Кидан нар,тэдний төрөл нүүдэлчид, татарууд харъяалагдаж байв.
Елүй Абужи (Амбагян) амьдралынхаа идэвхитэй хугацааг улсынхаа дотоод засаглалыг сайжруулах, улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхэд чиглүүлсний үрээр түүнээс хойш бараг 100 жилийн турш Төв Азид Кидан улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Абужийн дараа үеийн хаад засаглалдаа өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлт нь 10-11-р зууны үеийн Төв Ази дахь үндэстний шинэ орчныг харгалзсан бөгөөд онцолж хэлбэл тэр үед эрч хүч нь оргилон гарч ирсэн зүрчид угсаатны өөдөөс угсаа нэгт нүүдэлчдийн хүчийг ашиглах, тэднийг улс төрийн холбоотон болгоход чиглэсэн юм.
Кидан улсын үе нь өвгө нүүдэлчдийн төр ёсны уламжлалыг суурин соёлын хөрсөнд шингээх талаар сонин алхам хийсэн түүх гэж болно.
Кидан улсад 9 хааны үе залгамжилж, нийт 220 жил оршин тогтнов. Кидан улс зүрчидийн Алтан улсад мөхөөгдөх үед Елүй овгийн Даши ноён баруун зүг нүүж, Балхаш нуурт төвлөрөн нэгэн их улсыг байгуулсан нь Хар Кидан хэмээн алдаршиж, Дорнод Туркестан, Хорезмыг эрхшээлдээ оруулан 90 шахам жил (1124-1213) тогтсон бөлгөө.
0 comments:
Post a Comment