Wednesday, November 3, 2010

Монголын эзэнт гүрэн

Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрэн(1206–1405) нь монгол газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Хамгийн хүчирхэг үедээ 33 сая километр квадрат газар нутгийг эзэлж ойролцоогоор 100 сая хүн амтай байв. Зөвхөн Британы эзэнт гүрэн газар нутгийн хэмжээгээр том байснаар Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгджээ. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Зүүн Азиас Зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэмшиж байв. Ази Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч монголчуудын цэргийн тоо нь 250000 -аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Зүрчидийн Алтан улс, Умард Хятадын Тангуд болон Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.
Үүсэл хөгжил
12-р зууны сүүлийн хагаст монгол газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис Хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайджан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.
Гол үйл явдлуудын хэлхээс
* 1189: Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан болж, Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, Чингис хан цолыг анх өгөв.
* 1206: Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Чингис ханыг Их Хаанаар өргөмжлөв.
* 1207: Монголчууд баруун хойд Хятад болон Төвдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлж 1210 онд Тангудын хаан бууж өгснөөр Чингис хаан цэргээ гэдрэг татжээ. Тухайн үед Уйгарууд Их Монгол улсад дагаар орж цаашдын аян дайнууд болон улс гүрнийг төвхнүүлэх ажилд идэвхитэй оролцжээ.
* 1211: Чингис хааны их цэрэг элсэн говийг гаталж Алтан улсад цөмрөн оров.
* 1218: Монголчууд одоогийн Казкахстаны нутагт нэвтэрч Кашгар хотыг эрхшээлдээ авчээ.
* 1218: Чингис хааны элчийг цаазаар авснаар Хорезмийн шах Мухаммед их дайны харангыг дэлдэв.
* 1219: Монголын цэрэг Сырдарья мөрнийг гаталж Туркестаны нутагт нэвтрэн оржээ.
* 1219–1221: Хэдийгээр Умард хятадад Алтан улстай хийж байсан дайн үргэлжилж байсан ч Чингис хаан баруун зүгт Хорезмын эзэнт улсыг амжилттай дайлж улмаар Мухаммед шахыг устгах даалгаварыг Зэв, Сүбээдэй нарт өгчээ.
* 1223: Зэв, Сүбэдэй нар 20000 морьт цэргийг удирдан Калка голын хөвөөнд анх удаа Оросын Вангуудтай тулалдан ялалт байгуулжээ.
* 1227: Чингис хаан Тангудын дайлж яваад тэнгэрт халив. Энэ үед монголын эзэнт гүрэн 26 сая километр квадрат газар нутгийг эзэлж хэмжээгээрээ Ромын эзэнт гүрэн болон Македоны эзэнт гүрнээс дөрөв дахин том болсон байв.
* 1229: Өгөдэй их хаан ор сууж Далай хаанаар өргөмжлөгдөв.
* 1237: Монголчууд Бат хааны удирдлаган дор нэгдэн баруун зүгт довтолж Киевийн эсрэг дайныг эхлүүлэв.
* 1240: Киевийн вант улсуудыг сөнөөв. Мөн дорно зүгт Солонгосыг эрхшээлдээ оруулав.
* 1241: Монголчууд Австрийн Лигниц хотын дэргэд Польш, Герман, Францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн Шайо голын хөвөөнд Унгар, Хорватын 65 мянган хүнтэй шигшмэл армийг бут цохив.
* 1241 - 1242: Бат хааны арми Болгарыг эзэлж жил бүр алба гувчуур авах болов.
* 1241: Өгөдэй хаан нас эцэслэж Европыг эзэлж байсан цэргийн жанжид, хан хөвгүүд Их хуралдайд дуудагдаж нутгийн зүг хүлгийн жолоо залав.
* 1246: Гүюг Их хаанаар өргөмжлөгдөв.
Зохион байгуулалт
Цэргийн зохион байгуулалт
Монголын цэргийн зохион байгуулалт нь тал нутгийн уламжлалт систем болох аравтын тооллын системд тулгуурлагджээ . Арван цэрэг нэг аравтыг, арван аравт нэг зуутыг, арван зуут нэг мянган буюу мянгатыг, арван мянган нэг түмтийг бүрдүүлж байв.
Монголчууд Хүннү болон Викингүүдтэй адил зөвхөн хөдөлгөөнт дайд тулгуурласангүй, бүслэлт хийн байлдахдаа гаргуун байлаа. Эзлэгдсэн хот улсуудаас цэргийн мэргэжилтнүүдийг өөрсдийн талд ажиллуулж байсан бөгөөд хятадын цэргийн инженерүүдийн тусламжтайгаар хэрэм хотуудыг нураах оньсон төхөөрөмж хийхдээ мэргэжсэн байв. Хот хэрэм нураах зориулалт бүхий оньсон төхөөрөмж, харвагч машинуудаа Европын эсрэг аян дайнд Сүбээдэй жажны удирдлаган доор амжилттай ашиглаж байжээ. Эдгээр төхөөрөмжүүдийг тухайн газар нутгийн ойр орчмын мод болон бусад материалыг ашиглан тэр дор нь барьж байсан түүхтэй.
Тулалдааны үед монголчууд цэргийн нэгдмэл хүчээр дайтахдаа шилдэг нь байв. Хэдийгээр монголчууд морьт харваачдаараа алдартай байсан ч, гардан тулалдах чадвар нь харвахаасаа дутуу байгаагүй юм. Мөн оньсон төхөөрөмж болон утаан хөшгүүдийг дайсны жагсаалыг сарниулах, гол хүчийг нь нэмэлт хүчээс нь салгах зэргээр тулалдаанд өргөнөөр ашиглаж байв.
Монгол арми бэлтгэл сургуулилалт өндөртэй, чанд дэглэмтэй, маш хурдтай арми байв. Монголчууд хурдыг чухалчилж байсан бөгөөд морьт цэргүүд нь бусад улсуудаас харьцангүй хөнгөн хуяглагдсан байжээ. Мөн монгол армийн нэмэлт хүчнүүд бие даан дайнд оролцдог байсан бөгөөд ингэснээр армийн хөдөлгөөнийг хурдасгадаг байв.
Монголчууд аян дайнд явахын өмнө дайсныхаа газар нутаг болон цэргийн талаар нарийн мэдээлэл цуглуулж маш сайн төлөвлөсний эцэст морддог байв. Нарийн сайн төлөвлөсний хүчинд Монголчууд хэд хэдэн фронтод зэрэг тулалдах чадвартай байжээ. Тал нутгийн уламжлал ёсоор 15 - 60 насны бүх эрчүүд дайнд оролцдог байв.
Богино хугацаанд хол зайг туулах чадвартай байсан нь монголчуудын гол онцлог юм. Өвлийн цахир хүйтэнд ч аялах, тулалдах чадвартай байснаараа бусдаас ялгардаг. Өвлийн цагт хөлдсөн гол нуурууд нь монголчуудын аялах гол зам нь болдог байв. Мөн гол дээгүүр гүүр байгуулах, сал урсган гатлах зэрэгт гаргуун байжээ.
Хууль, засаг захиргаа
Чингис хааны зарлигаар шадар түшмэл Шихихутаг "Их Засаг" хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм. Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.
Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жажид өөрсдийн авъяас чадварт тулгуурлан сонгогддог байсан бөгөөд шашин шүтэх эрхийг чөлөөлж өгсөн байна. Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой байсан хэмээн зарим хууч ярианд өгүүлдэг.
Их монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.
Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид Хятадаас Ойрх дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв. Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна.

0 comments:

Post a Comment