Wednesday, November 3, 2010

Монгол угсааны хаант улсууд

Чингис хаан түүний залгамжлагч гурван их хаан Өгөөдэй (1229-1241), Гүюг (1246-1248), Мөнх (1251-1259) нар “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь, хол хэмээн бүү шантар, явбаас хүр юү, Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэдэг Чингисийн билэг сургаалийн дагуу хүнд хүчир их аян дайнууд хийж Солонгосоос Адриатын тэнгис Альпийн нуруу хүртэлх өргөн уудам нутагт Монголчууд ноёрхож эхэлжээ. Нүүдэлчид энэ их нутагт “Эмх цэгцээ” тогтоосон боловч түүнийгээ яаж сахин хадгалах, харь соёл иргэншилд хэрхэн хандах гэх мэт шинэ шинэ асуудал тэдний өмнө тулгарсан юм. Дайны хөлд өсөж хүмүүжин хатуужсан, өвгөдийн сургаалиа хууль цааз мэт санадаг хан хөвгүүд өөд болж эрх ямбатай залуу танхи хан хөвүүд Их гүрний удирдлагад гарч тэдний эцгүүдийнх нь зөрчил залуу хан хөвгүүдэд үгдэрч зөрчил нь сэдэрлээ. Тэд “Мах иддэг шүд аманд ажээ, Хүнд идэх шүд сэтгэлд ажээ. Бие бөх бөгөөс ганцыг ялна. Сэтгэл бөх бөгөөс олныг ялна” гэдэг өвөг эцгийн сургаалиа мартжээ. Мөн үүнд, Их хаадын төрийг хутгагч их хатад, ноёдын үүрэг их байлаа. Ийнхүү 50 шахам үргэлжилсэн их гүрний үе төгсгөл болж 1260-аад оноос хэд хэдэн биеэ даасан Монгол угсааны хаант улсууд оршин тогтножээ.
1. Цагаадайн хаант улс. Уг улсын түүх 1221 оноос эхэлдэг боловч 1227 он хүртэл Чингис хаанд итгэгдсэн Махмуд Ялвачи захирч байв. Өгөөдэй эцгийнхээ гэрээс ёсоор дундад азийн улсуудыг засан тохинуулах, захирах ажлыг ах Цагаадайдаа өгснөөр энэхүү улс бий болжээ. Рашид ад Дин түүнийг эзэрхэг догшин, ямаан омогтой монгол зан авиртай гэж цохон тэмдэглэснийг “Монголын нууц товчоон”-ы зүйлээс уншиж болно. Цагаадай Өгөөдэйтэй их хаантай нягт холбоотой байж түүний зарлигийг нь үг дуугүй дагахын хамтаар өөрийн эзэмшилдээ аливаа асуудлыг бие дааж шийддэг байв. Цагаадай 1242 онд өөд болж түүний гэрээс ёсоор бага хүү Хара Хүлэгү хаан болжээ. Энэ үеэс нүүдэлчид өөрсдийгөө “Цагаадайнхан” гэж нэрлэсэн. Хара Хүлэгүн үед буюу 1251 онд Мөнх, Батын шууд тусламжтайгаар Их хаан болсон учир Цагаадайн улсын байр суурь их гүрэнд суларч худалдаа, эдийн засгийн том бүс Мавереннахор муж Алтан ордны улсын мэдэлд шилжив. Гэсэн ч 1260 онд Цагаадайн хүү Алгуй, Хубилай хааны дэмжиж түүний нөлөөгөөр Алтан ордныхныг хөөж бүх нутгаа чөлөөлж, Дундад ази, Умард Иран, Шинжааныг хамарсан нутгийг захирчээ. Алгуй өөд болж Мубарек шах, Борак нар хаан ширээнд сууж Исламын шашинд Монголчуудыг оруулснаар соёл иргэншил, угсаатны хувьд уусан шингэх үүд хаалгыг нээжээ. 1290 оноос Дува хаан болж Юань улсад ёс төдий захирагдан вассаль болж дотоодын нэгдлээ хэсэг хугацаанд Чингис хааны нэр алдараар барьж байв. 1305 онд Дундад ази дахь Өгөөдэй, Цагаадайн удмын тайж нар буюу Самарканд, Хожент хотын хооронд мөргөлдөөн гарсны дараагаар Дува хаан дайныг зогсоож үүний шалтгааныг тодруулахын тулд Ташкентад хөндлөнгийн шүүх хийлгэж байлаа. Дува хааны хүү Кебек (1318-1326) хааны үед Исламын шашныг улам хүчтэй дэлгэрүүлж, нэгдмэл мөнгөн тэмдэгт гаргаж худалдаа наймааг цэгцлэн, Монголчуудыг уусахаас болгоомжилж нутагтаа түмтийн зохион байгуулалтын засаг захиргааг хэрэглэсэн боловч тусыг эс олжээ. Кебекийн залгамжлагч Казан хааныг 1340 онд Маверннахорт хуйвалдаанаар түхэн унагааж засгийн эрх түрэгжсэн “монголчуудын” гарт шилжиж тус улсын дорнод хэсэгт Түрэгүүд дангаар ноёрхож эхлэв. Иймд Монголчууд 1348 онд 18 настай, Дува хааны ач Туглук Төмөрийг хаанаар өргөмжилж Кашгар, Кучи, Долоон ус, Иссык куль нуурыг хамарсан Цагаадайн улсын өмнөд хэсгийг эзэмших болов. Ийнхүү энэ улс XIY зууны эхээр Баруун /Мавереннахорт/, зүүн /Моголистан/ гэж 2 хэсэгт хуваагджээ. Гэхдээ Моголстаныхан илүү хүчирхэг байсан ба тэдний хаан Туглук Төмөр хаан Маверннахорыг вассалиа болгож алба авдаг байжээ. Цагаадайн улсад Монголын арулад /Афганы хойд хэсэг/ Жалайр /Сырдаръяа/, Барулас /Кашгар орчим/, Найман-Хаучин /Мавереннахирт/ аймгууд зонхилж их нөлөөтэй байсан ба Моголчууд нь аж төрөх ёс, соёлоо ганцаараа хадгалж үлдэж одоог хүртэл Афганьд амьдарч байна. 1346 онд Цагаадайн улс задран биеэ даасан жижиг муж улсууд болсон байна. Энэ үеэс Түрэг хэлтэй, узбек, киргиз, туркмен, уйгар гэх мэт бие даасан угсаатан бүрэлджээ. Туглук Төмөрийг нас барсны дараа түүнд алба хааж байсан Төмөр хүчирхэг цэргийнхээ хүчээр Моголстаны баруун хэсгийг таслан авч өөрийн улсыг 1370 онд байгуулжээ. Төмөр бол Барулас овгийн хүн бөгөөд тэр Чингис хаан шиг их хүн байж Их гүрнийг байгуулна хэмээн мөрөөдөж язгуурын Монголчуудтай холбоо тогтоон Хиад-Боржигин овгийн хатан авч байжээ. Үүний дараа 1370-1405 онд Төмөрийн хаант улс байгуулагдаж Төмөр хаан Алтан ордоны улсын хагас, Дундад ази, Иран, Гүрж, Өмнөд оросыг нэгтгэсэн эзэнт гүрнийг дан ганц зэвсгийн хүчээр байгуулжээ. Гэвч 1405 онд Төмөр хааныг нас барахын хамт их гүрэн нь задран салснаар түүний биелэшгүй мөрөөдөл талаар болжээ. Харин ач хүү Улугбек нь (1394-1449) дайн байлдаанаас татгалзан эрдмийн мөр хөөж од гаригийн хөдөлгөөний том нээлт хийн дэлхийд алдаршсныхаа “шанд” дайнч өвөг эцгийнх нь сүнс шингэсэн хүүдээ алагджээ.
Энэтхэгт Буддизм шахагдан Индуизм үүсч, кастын ёс дахин сэргэж, шашин хоорондын дайн үргэлжилж энэ орон тархай бутархай байв. Үүнийг ашиглан Төмөрийн угсааны Бабур хаан Умард болон Төв Энэтхэгийг эзлэн авч “Их Моголын эзэнт улс”-ыг (1525-1755) байгуулсан нь Төмөрийн Их Моголын үзэл санаа агуулагдсан хэвээр байгааг гэрчилж байна. Их Моголын улс Энэтхэгийн хамгийн хүчирхэг улс байсан төдийгүй соёлын үнэт өв олныг бүтээжээ. Агра хотноо Бабурын YI үеийн Шах Жахан (1627-1658) өөрийн хатан Мумтаз Махалынхаа гэгээн дурсгалд зориулж ариун дурлалын бэлэгдэл Таж Махалын бунханг дан цагаан гантиг чулуугаар барьсан нь одоо ч дэлхийн үнэт соёлын өвийн үнэт дурсгал хэвээр байна.
2. Иль хаадын хаант улс. 1253 онд Армяны хаан II Гетум Их хаанМөнхтэй уулзаж 7 зүйлт гэрээг байгуулжээ. Үүнд: Иракын Багдадын Халифт улсыг бут цохиж Румын туркчуудыг эзлэх, Азербайджан, Иран, Ирак, Дундад ази, Гүржийг өөрийн нууц засаглалдаа авсан онцгой эрх мэдэлтэй Сассанидын улс буюу манихейн шашинт “Уулын өвгөдийн нийгэмлэг”-ийг хүйс тэмтрэх, улмаар Сири Палестинд нэвтрэн ариун газар Иерусалим /Арабчууд Аль-кудас гэдэг/ хотыг эзлэн авах гэсэн зүйлүүд багтаж байлаа. Үүгээрээ Монголчууд олон жил ялагчгүй үргэлжилсэн загалмайтны дайнд татагдан орж загалмайтнуудын магнайг тэнийлгэх болов. Энэ нь Гетумын христос шаштны өмнө байгуулсан том гавъяа байсан төдийгүй Алтан ургийн хатад болох Сорхугтани бэхи, Огул Каймыш, Догуз нарын Христос сүсэгтнүүдийн нөлөө ч байв.
Мөнх хаан Их гүрний 10 хүн тутмын хоёрыг Хүлэгт өгч “баруун гараа хатан Догузаа болгож бүх хэргээ зөвлөж яваарай” хэмээн захиж их аян дайнд явууллаа. Хүлэг 1256 онд Иранд, 1257 онд Азербайджан, 1257-58 онд Багдадын Халифт, 1259 онд Сирийг тус тус маш амархан эзлэн авахдаа “Уулын өвгөдийн нийгэмлэгтэй” бүтэн 3 жил тулалдан арай чүү устгасан гэдэг. Бүх дайснаа дарсан Хүлэг цааш Гетумтай хамтран Иерусалимыг эзлэхээр бэлтгэж байтал Их хаан Мөнх өөд болж ажлаа түр хойш тавин Хар- Хорум луу буцлаа. Хүлэг Монгол руу явахдаа найманы жанжин Христос сүсэгтэн Кит-бухад цэргээ захируулж Иерусалим руу довтлохыг зөвшөөрчээ.
Тэр үед Египетийг захираад удаагүй байсан Мамлюкууд (боол) нь эргэж алдах эд хөрөнгө, газар нутаггүй байснаа, гинжнээсээ бусдыг олж авч асар их эд баялаг, газар нутгийг захирсан хүчирхэг улс байжээ. Мамлюкууд мөн л Исламын үнэнч сүсэгтнүүд байсан тул Иерусалим хотыг аминаасаа илүү хамгаалах болсноос 1260 оны намар Сирийн талд Монголын Китбухагийн цэрэгтэй тулалджээ. Мамлюкуудыг султан Кутузын баруун гар Бейбарс чадварлаг удирдаж Монголчуудыг бут цохиж дэлхийд анхны болон цорын ганц өрнө зүг хийсэн Монголчуудын дайныг зогсоож чадсан хүн болжээ. Image
Хүлэг Мамлюкуудад ихэд хорсож байсан ч аргагүйн эрхэнд дотоод асуудалдаа анхаарлаа. Хүлэг суурин иргэншилтэй илүү их танилцсан, юм үзэж нүд тайлсан, өөрийн алсын санаа нэг байсан зэргийн улмаас Хубилай дүүгээ ихэд дэмжин хаан болоход нь тусалжээ. Хубилай түүний хариуг барьж Иль хаан цол, 30000 торгон цэргээр Хүлэгийг шагнан барьж Хятад ухаанд сайтар суралцаж байгаагаа түүхэнд баталж өгсөн юм. Хүлэг хатныхаа нөлөөгөөр Христос шашинд талтай байсан бөгөөд түүний хүү Абага энэ шашинд орж Армений хаан III Михаилын охин Мариятай гэр бүл болж, түүний ач Аргун Христос шүтлэгтэн байжээ. Хүлэг 1256 онд нас барж Монгол ёсоор түүний хүү Абага (1265-1282) хаан ширээнд өргөмжилжээ. Тэр эцгийн бодлогыг үргэлжлүүлж Тебриз хотыг өргөтгөн барилга барьж, эрдэм мэдлэгтнийг үнэлж 23 зөвлөх сайд түшмэдээр өөрийгөө хүрээлүүлж, газар нутгаа өргөтгөж байжээ. Абага 1277 онд удтал бэлтгэсний эцэст Мамлюкуудтай тулалдсан авч Бейбарс султанд дахин бут цохигдож өрнө зүг санаархахаа больжээ. Иль хаадын улс Египетийн Мамлюкуудтай Сири, Иерусалимыг булаалдан хоорондоо дайсагналцаж байснаа Иль хаадууд Исламын шашинд орсны дараа Египеттэй харилцаа холбоо тогтоон гадаад бодлогоо өөрчилжээ. Ийнхүү гадаад өрсөлдөгч нь байхгүй болоход өөрийн угсааны алтан ургийнхантай Иран, Кавказыг булаалдан хэд хэдэн дайн хийв. Цагаадай монголчууд Хорасанд довтолсны хариуд Абага хаан 1273 онд Бухар хотыг эвдэн сүйтгэж 1295 онд үүний хариу болгон Цагаадайн улсын Дува хаан Ираны зүүн талын мужуудад цөмрөн орж их хядлага хийсэн байна. Энэ дайнд Алтан ордоны Узбек хаан хүртэл оролцсон юм.
Иль хаадын улс 100 орчим жил оршин тогтнохдоо нийт 9 иль-хаан төр барьснаас Текулар Ахмед (1282-1284), Аргун (1284-1291), Газань (1295-1304), Өлзийт (1304-1316), Абу сайд (1316-1335), Шейх Хасан Хүчү (1335-1343) нарын алдартай хаад түүхэнд нэрээ мөнхөлжээ. Иль хаадууд Ромын пап IY Климент, I Николай, IY Николай нартай, Англдийн хаан I Эдвард, Францын ван IY Филипп, Византийн хаан Василевс нартай дипломат харилцаа тогтоож олон удаа элч солилцсныг гэрчлэх түүхэн баримт хадгалагджээ. Мөн Газань хаан өөрийн хаанчлалын үед эдийн засаг, улс төр, нийгэм-оюун санааны бүх хүрээнд 40 зүйлийн шинэчлэл хийж 1295 онд өөрөө Исламын шашинд орсноор улсаа “Исламын улс” гэх болжээ. Энэ шинэчлэл нь тэртээ тэргүй аж төрөх ёс, хэв заншлаа алдаж байсан Монголчуудын уусах процессыг улам түргэсгэж Хүлэг хааныг дагаж ирсэн олхунуд, хонгирад аймгийнхан зонхилсон олон Монголчууд уусчээ. Абу сайдыг 1335 онд нас барсны дараа Иль-хаадын улсад хямрал гарч улам даамжирсаар 1344 онд буюу сүүлчийн иль-хаан Хасан Хүчүгийн дараа олон жижиг хот улсууд болж задран унажээ. Одоо энэхүү улсыг байгуулсан олон Монголчуудын ул мөр үгүй болж тэдний тухай түүхийг 1301-1310 онд бичигдсэн Рашид-ад-Дины “Судрын чуулган”, 1253 онд бичигдэж эхэлсэн Ата Малик Жувейны “Ертөнцийг байлдан дагуулсан түүх” зохиолууд л хүүрнэн үлджээ.
3. Алтан ордны улс. Чингисийн ахмад хүү Зүчи, түүний хүү Бат нарын хийсэн аян дайнуудыг үр дүнд бий болжээ. Ид мандаж байх үедээ буюу Бат хааны үед Крым, Өмнөд орос, Ар Кавзаз, Ижил мөрөн, Хорезмыг хамарсан өргөн уудам нутагт 200 жил оршин тогтножээ. Бат 1236-1241 онд 11 хан хөвгүүдийг удирдаж Оросын 300 гаруй хот сууринг эзэлж Дорнод европыг довтлохдоо Оросын ванлигуудад дарангуй цэрэг үлдээж өндөр албан татвар оногдуулж байсангүй зөвхөн эд агуурс, үнэт зүйлсийг нь тонон дээрэмдээд л явжээ. Харин дараа нь Монголчуудын бодлого өөрчлөгдөж 1237-1240 онд Оросуудтай холбоо тогтоож, Германы рыцаруудын довтолгооноос хамгаалж өөрсдийн нөлөөндөө авч татвар авах болжээ. 1237 онд Бат Оросын А.Невскийтэй хүж барин найрамдаж цэргийн тусламж үзүүлж байсны ачаар Невский 1240 онд Германы рыцариудыг бут ниргэжээ. Ийнхүү Оросын ард түмний гайхамшигт том олон ялалтуудын анхных нь Монголчуудын ачаар хийгджээ. Гумилёв “Татаруудын ачаар эртний оросуудын “Алтан бүс” Москваг тойрон тогтож одоо болтол хадгалагдан үлдсэн байтал Литва, Польшийн захиргаанд орсон Белорусь, Галицид эртний соёлын ул мөр байхгүй болсон” хэмээн бахархан бичсэн байдаг. Гэвч Монгол-татаруудын харгис хэрцгий дарлал, хүнд хүчир алба татварт нэрвэгдсэн Оросуудад одоо ч хүртэл Монголчуудын дарлалын ул мөр хадгалагдан үлджээ. Татарууд “Хэрвээ татвар өгөх мөнгөгүй бол хүүхдийг нь ав, Хүүхэдгүй бол эхнэрийг нь ав, Эхнэргүй бол толгойг нь ав” гэсэн зарчмыг Оросуудаас алба авахдаа мөрдлөгө болгодог байсан учраас одоо ч гэсэн оросууд “Урилгагүй зочин татараас дор” гэж ярилцдаг байна.
Алтан ордны нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот бөгөөд Батын үед Их гүрэнтэй нягт холбоотой байснаа Бэрхийн үед биеэ даах бодлого явуулж эхэлжээ. 1255 онд Их гүрний хамгийн нөлөө бүхий хүн Бат хаан нас барж түүний хүү Сартак залгамжлах болов. Тэр Новогородын ван А. Невскийтэй анд бололцож Христос шашинтан болсон тул Монголчууд дургүй байв. Үүнийг Их хаан Мөнх ашиглаж Сартакийг хорлож Батын дүү 1256 онд Бэрхийг хаан ширээнд суухад нь нөлөөлсөн гэдэг. Бэрх хаан дорнод европтой хийх худалдаагаа өргөжүүлж, Мамлюкийн Египеттэй холбоо тогтоон Иль-хаадын улстай Азербайджаны Тебризын төлөө удаан хугацаагаар тулалджээ. Бэрх Кавказад болсон дайнд 1266 онд алагдан түүнийг Мөнхтөмөр (1266-1280) залгамжлав. Түүний бодлогын гол төвд нь Европ, Константинополь хот байж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Крымд шинэ хот суурин байгуулж тэнд Монгол, түрэг нүүдэлчдийг олноор нь суурьшуулах болжээ. Мөнхтөмөрийн үеэс төрийн хуйвалдаан, хямрал эхэлж Тудамөнх (1280-1287), Тулабуга (1287-1291)-ын үед хамгийн хүчтэй байлаа. 1284 онд Чингисийн угсааны нэг ноён Ногай Тогтохыг хаан ширээнд өргөмжилж удаан тэмцэлдсний эцэст Алтан ордоныхноор хүлээн зөвшөөрүүлэв. Ногай бол Их хаан Чингисийг амьд сэрүүнд нь харсан, нөлөө бүхий ноён байсан ба түүний цэргүүд нь Монголын Мангууд овгийн туршлагатай эрс байжээ. Гэвч Тогтох, Ногай нар эвдрэлцэж Тогтохын их цэрэг Ногай цэргийг Оросын нутгийн гүн рүү шахаж Ногай Оросуудад алагдаж түүний цэргүүд Кавказад суурьшжээ. Тогтох (1291-1312) хааны үе хүртэл үргэлжилж Тогтох хаан намжааж дахин хүчирхэг болгож чаджээ. Тоготохын хүү Елбамыш хаан болох гэж байхад нь түүний анд, ойрын хамаатан Узбек хуйвалдаанаар Елбамышийг алж өөрөө хаан болов. Узбек Исламын шашинд үнэнч сүсэгтэн байсан учир Монголын хаадын шашинг ялгаварладаггүй байсан бодлогыг зогсоож бүх монгол угсаатнуудыг Ислам мөргөлтөн, Алтан Ордонг исламын улс болгож шашин, төрийг хослон удирдаж эхлэв. Узбек хааны тусламжтайгаар Исламын “фанатикууд” бусад шашинтнуудыг хавчин гадуурхаж олон хүмүүсийг цусыг урсган арвин их соёлын өвийг устгаж олз ашиг, аян дайныг гол бодлогоо болгов. Түүний сонирхол Иль хаадын эзэмшил Иран улс байсан учир 1318, 1327 онд их аян дайн хийсэн ч амжилт олсонгүй. Түүний аян дайны үед Тверийн ванлиг улс Татарын татвар хураагчдийг хороосон учраас Узбек хаан дахин Оросын ванлигууд руу довтолж аллага хийв. Энэ дайнд Мосвкагийн ван Иван Калита дэмжлэгэ үзүүлсэн учир бүх оросын ванлигуудаас татвар хураах онц эрхээ хадгалж үлджээ. Үүний ачаар Москвагийн ванлиг татвар төлөхгүй Оросын ванлиг улсуудыг татаруудын нэрийн өмнөөс бут цохиж эдийн засаг санхүүгийн их баялагийн хуримтлуулж ороын олон ванлигуудыг нэгтгэж эхлэв. Иван Калита бол Оросын хааны династи болох Романовын угсааг үндэслэгч бөгөөд түүний үр сад Дмитрий Доньской, Догшин Иван, I Петр нар Их оросын түүхийг эхлүүлжээ.
1341 онд Узбек хаан зорилгодоо хүрч Ираны зарим нутгийг эзлэн авсан боловч Кура голын дэргэд үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Узбекийн
Таныбек, Жанибек нарын хооронд хаан ширээний тэмцэл болж Жанибек ахыгаа алж хаан ширээг залгамжлан суулаа. Түүний үед Алтан ордоны дотоод хямрал улам хурцдаж зэрэг зэрэг 8 хаан өөрсдийгөө өргөмжлөн цус асгаруулан хядалцаж иржээ. Тухайлбал, зөвхөн 1365-1380-аад оны үед хаадуудын хооронд 10 гаруй том тулалдаан болж нэг талаас ойролцоогоор 200-300 мянган их цэрэг оролцож олон ардын цус нулимасыг асгаруулж ихэд туйлдуулжээ. Үүний улмаас 1380 он гэхэд эмх замбараагүй 20 гаруй эзэмшил болж задарчээ. Татаруудын энэ доройтлыг ашигласан Оросууд Москвагийн ванлигийн удирдлага дор холбоо байгуулж хүчээ нэгтгэн Крымын Мамайн эзэмшилтэй 1380 оны 4-р сарын 8-нд Москвагийн холбоо Дмитрий Донскойн удирдлагаар их тулаан хийв. Мамай, холбоотон Генуя хотоос 10000 явган цэрэг, Литавийн ван Ягайлогоос цэргийн тусламж авсан боловч зөвхөн өөрийн цэргээрээ тулалдахдаа тактикийн алдаа гаргаж бут цохигдов. Москвагийн ван Дмитрий Донской Оросын ванлигуудын хооронд ураг төрлийн холбоо тогтоон гэрээ байгуулж, хүч нь өдрөөс өдөрт суларч байгаа Алтан ордоны хахууль, бэлгэнд дуртай ноёдуудын дунд олон тагнуулуудтай болсны ачаар Мамайг дийлжээ. Мөн Татар-Монголчууд 140 гаруй жил Оросын хотуудыг дайн тулаанаар доройтуулах, дээрэмдэх, алба татвар авах зэргээр хараандаа байлгаснаас Оросууд Монголчуудын цэргийн тактик, арга залиудыг сайн мэддэг болсонтой холбоотой. Оросууд Куликовын талд зөвхөн эрэлхэг зориг, эх оронч үзлээр биш Монгол цэргийн тактик, нөөц цэргийн хүчээр алдартай ялалтаа байгуулжээ. Энэ ялалт нь баатарлаг Оросын ард түмний олон суут ялалтуудын эхлэл нь байсан юм. Гэвч Оросууд энэ их ялалтынхаа үр шимийг шууд амссангүй, ихэнх хотууд нь 1487 оныг хүртэл Татаруудад албаа төлсөн хэвээрээ байсан юм. Монголчуудын ялагдал тэднийг нэгтгэх бус улам дайсагналцуулав. Мамай Цагаан ордоны Тотомыш-д алагдаж 1382 онд Тогтомыш Цагаадайн угсааны Төмрийн дэмжлэгээр хаан болжээ. Тэр Москва тэргүүтэй Оросын ванлигуудыг дахин вассалиа болгон Алтан ордоныг нэгтгэсэн боловч Төмөртэй муудалцан түүнд (1391 онд) хиар цохигдож доройтжээ. Тогтомыш Крым руу шахагдаж Крымын захирагч Эдигей, Чингисийн шууд угсааны Төмөр-Хутулу нартай хамтран улсаа дахин нэгтгэх гэсэн боловч муудалцснаас бас л амжилт олсонгүй. Тэд ээлж дараалан алагдсаар Чингисийн угсааны, нэр хүндтэй, чадалтай урьдах хаад шиг хүн гарч ирсэнгүй байсаар Алтан ордон 1437 онд Астрахань (1431-1553), Казань (1431-1552), Крымын хаант (1431-1785) улс болж задран унаснаар төгсгөл болжээ. Алтан ордоны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, хөх орд нь Крымын орд болж салсан юм. Узбек (1312-1342), Жанибек (1342-1360) хааны үеэс Монголчууд мөн л исламын шашинд орж Хонгирад, Урууд, Мангууд аймаг зонхилсон олон Монголчууд түрэгжиж эхэлсэн юм. Татаруудын оронд Оросууд хүчирхэгжин гарч ирж хамжлагаас зугатсан Литов, Украин, Белорусь тариачдыг нэгтгэн зохион байгуулж Козакууд гэж нэрлэн татар, түрэгүүд рүү өдөөн турхирах болсон. Тэд Казань, Астраханий улсуудыг бут цохиж хөөгдсөн татар, түрэгүүд Кучумын удирдлагаар Сибирийн хаант улсыг байгуулж Алтан ордныг дахин сэргээх гэсэн ч энэ оролдлого бүтсэнгүй. Догшин Иван хаан Казакуудын анхны атаман Ермакын дэмжлэгээр 1595 оны намар Кучумыг довтлон мөхөөж Оросын талыг Уралаас Иртыш тийш өргөсгөжээ. Харин Кучумын албатууд Дорнод азийн умард хэсэгт Их-дунд-бага жуз (зуут)-д хуваагдан нутаглах болов. Энэ зуутад байсан 1465 онд Казахууд Монголстаны баруун жигүүрт нутаглаж Ногайчууд, Сибирийн улсын харъяанд орж байгаад тусгаар тогтнож 1595 онд Казахын хаан Тевеккель, Оросын хаан IY Иван нар холбоо тогтоон Кучумын эсрэг босож Сибирийн хаант улсыг мөхсний одоогийн Казахстанд нутаглаж эхэлжээ.Image
Алтан ордноос ганц Крымын хаант улс бүр 18-р зууныг дуустал хүчирхэг Оростай зэрэгцэн оршиж байсан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зоригонд байсан юм. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг мөхөөжээ. Кавказад Крымд татарууд ноёрхож Полов, Аланчууд угсаатны хувьд задран чечень, дагестан, ингуш, черкес зэрэг олон угсаатан үүсч зэрэгцэн оршиж байсныг нь хутган үймүүлж хооронд нь дайтуулж сая өөрсдийн болгожээ. Гэвч “Крымынхэн” тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ өдгөөг хүртэл нандин хүслээ болгосоор ирснийг бид сайн мэднэ.
Цагаадай, Иль Хаад, Алтан ордоны улсуудын үед (XIII-XY зуун) Арабууд, Османы түрэгүүд Газарын дундад тэнгис, Улаан тэнгисийн холбоо болсон Синайн хойгийг хааж, ойрхи дорнодод ноёрхож байсныг зогсоож олон жил дайн самуун, дээрэм тонуулаас болж тасалдсан “Өрнө дорнын их торгон зам”-ыг аюулгүй болгож Дэлхийн худалдаа, төрийн бодлого, гадаад харилцаа зэргийн үндсийг тавьжээ. Мөн Юань гүрэн 142000 хүнтэй, 4400 хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том тэнгисийн флотыг байгуулж Япон руу их дайн хийж байсан (1281 онд Японы Такашимад нэг шөнийн дотор 4000 хөлөг онгоц, 100000 хүнээ далайн шуурганд алджээ) бөгөөд үүнээс хойш 300 жилийн дараа Испаний флот 27500 хүнтэй, 130 хөлөг онгоцтойгоороо дэлхийн хамгийн хүчирхэг флот болжээ. Тэр үед Ертөнцийн эзэн, Аллах бурхантай дүйцэх нэр хүндтэй хүн нь Чингис хаан хэвээр байлаа. Тухайлбал, 1317 онд Египетийн Мамлюкуудын султан Малик ан-Насир Алтан ордоны Узбек хаанд илгээсэн захиандаа “Чингис хааны угсааны охидын нэгтэй гэрлэх хүсэлтэй байна” гэжээ. Узбек хаан ноёдуудтайгаа их зөвлөлгөөн хийж, хэдий египетүүдийн дэмжлэгийг авч Иль хаадын улсыг довтлох бодолтой байсан ч “Долоон тэнгис гатлан Египитийн нутагт Чингис хааны угсааны охидоос ямар эрх хэмжээтэй явуулах байсан тийм эрэлт шаардлага тавих явдал Чингис хааны үеэс одоо хүртэл гараагүй юм” гэсэн хариу өгч, хэрвээ хурим хийвэл эхний жилд хэлэлцээр хийх, хоёр дахь жилд хадамлах, нэг жил инж явуулах, дараа жил гэрлэх гэсэн дарааллаар 4 жил хүлээгээд инж бэлэг сэлтэд нэг сая динар, мянган агт морь, мянган иж бүрэн зэвсэг шаардаж, бүсгүй хүнийг зугаа цэнгэл, бараа таваар мэт боддог Исламын ертөнцийг ихэд сандаргажээ. Одоо ч Дундад ази, Иран, Иракт чингис хааны сүр
4. Юань улс. Энэ улс, Хубилай хааны тухайд бид бараг залхтлаа уншиж, эрүүгээ цуцтал мэтгэлцэж, хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ өгсөөр иржээ. Энэ тухай бид семинар дээр ярилцах тул олон зүйлийг нуршилгүй нэгэн түүхэн домгийг өгүүлсүгэй.
“Юань гүрэнд хэд хэдэн Баян нэртэй улс төр, цэргийн том жанжин, түшмэд байсан. Энэ Баян бол Тогоон төмөр хааны эхэн үед Их улсын бүх эрхийг гартаа авсан Мэргид аймгийн хүн болно. Түүхийн эх сурвалжид Баянгийн бүх хэргэм зэрэг, цол гуншин нь бүгд нийлээд 246 хүрдэг, тэр байтугай их улсад Баян гэдэг нэрийг сонссоноос биш Тогоонтөмөр хааны нэрийг сонсоогүй гэж Хятадууд ярилцдаг байсан гэж бичжээ. Мөн Юань-шид, түүнийг төрийн бүх хэргийг барьсан, харгис хэрцгий, завхай зайдан, шалгалтын журмыг устгасан, хятад бүх түшмэдийг ордноос хөөсөн, Монголынхоо эртний бүдүүлэг байдалд буцаж орох гэсэн гэх мэтээр элдвээр муучлан бичсэн байдаг. Гэвч Баян бол Өгөөдэй хааны Монгол улсын төрийн ёс дэглэмийг баримталсан, түүнийг гэж оролдсон хүн байлаа. Иймээс тэр төрийн хэрэгт Хятад түшмэд оролцохыг эрс буруушааж, зарим Монгол хүн хятад багшаар ном заалгаж байгаа нь тэдний арга ухаанд хэт автагдах аюултай. Ер нь монгол хүн морио унаж мах идэж байх ёстой. Их улсын төрийг зэвсэгийн хүчээр барина, хаан ширээг монгол их хуралдайгаар залгамжилна гэдэг үзэлтэй хүн байв.
Баяныг эрх мэдлээс нь ганц Тогтох зайлуулж чадах байв. Иймээс Тогтохын хятад багш Чжифан энэ талаар идэвхийлэн хичээл заах төрийн эрх булаах нарийн арга ухаан, алив зөрчлийг ашиглан хүнийг түлхэн унагаах арга, хаандаа санаа бодлоо итгүүлэх уйгагүй зүтгэлийн тухай байнга ярьдаг байв. Чжифан өөрөө Хятадын нэрд гарсан Күнзийн сургаалтан юм.Image
Харин Тогтох бол мэргэд аймгийн удамтай, хар багадаа хүнд бэрх амьдрал үзсэн, угаас сэргэлэн цовоо, ухаалаг, нум суманд онцгой авьяаслаг хүү байжээ. Иймд Баян түшмэл гэртээ авчирч өргөмөл хүүгээ болгон өсгөн хүмүүжүүлэхдээ Мухулайн адил авъяаслаг эрдэмтэй цэргийн жанжин болгоё гэсэн бодолтой түүнд цэргийн эрдэм, монгол ёсоор төр барих арга, Хятад зальт санааг ярьж өгдөг байжээ. Гэвч Тогтох хятад багшийнхаа номыг илүү хичээн үзэж тэр үеийн Монгол сурвалжтан дотроос хамгийн олон номтой, боловсролтой хүн болж чаджээ. Юань улсад Тогтох өдөржин сөхрөн сууж ном уншдаг, номын амтыг мэдэрсэн гэж бахархан ярилцдаг байв. Тогтох 15 настайдаа цэргийн бус номын хүн болно гэж шийдсэнээс Эцэг-хүүгийн хооронд зөрчил үүсч энэ нь улам гүнзгийрчээ.
Нэг өдөр Тогтох эцэг Мазарайд “Өвөг эцгийн бардамнан эзэрхэх нь хэтрэв. Тэрээр эзэн хүртэл уурлан хилэгнэнэ.. Хэрвээ түүнийг дийлэх арга ухаан сийлээд бүтэх бол яах билээ” гэхэд Мазартай хариу өгсөнгүй. Үүнийгээ тэр номын багш Чжифанаас асуув. Тэр “Их үйлийн төлөө төрөл саднаа ч мөхөөж болно. Их түшмэл болж улс гүрэндээ шударга хэрэг үйлдэхээс өөр илүү харамсах зүйл юухан байх билээ” гэлээ. Тогтох хийгээд бүтэхгүй бол яахсан билээ” гэхэд Чжифан хариуд нь “Хийгээд бүтэхгүй бол тэнгэрийн хэрэг биз ээ. Нэг үхвэл эргэж босохгүйд нь юунд харамсана. Үхлээ ч гэсэн үнэнч шударга ул мөрөө бүү баллахтун” гэжээ. Тогтох санаа шулуудан Тогоонтөмөр хаантай хэд хэд уулзаж Баянг цөөн цэрэгтэй хөдөө явуулж байгаад тухтай ярилцсаны эцэст сая нэг өөртөө татаж Баяныг бүх албан тушаалаас нь зайлуулж чаджээ. Ингээд ордноос хөөгдсөн Баян нутгийн дээсэн дээр нэг өвгөнтэй тааралдаж
-Хүү нь эцгээ хөнөөдөг хэргийг та амьдралдаа дуулсан уу? гэхэд
-Хүү нь эцгээ хороож байсныг сонсоогүй юм байна. Харин түшмэд нь хаанаа хороож байгааг дуулсан гэжээ. Энэ үгийг сонсоод Баян дуугүй морьдоод нутгаа зорьсноос хойш Юань гүрний бодлогод Баяны бодлого илт дутагдах болов. Тогоонтөмөр 1343 онд Ляо, Цинь, Сунь 3 улсын түүх зохиох иж ажлын ерөнхий хянагчаар 29 настай Тогтохыг томилжээ. Тогтох ажил хэргээ дан ганц номын ухаанаар сэтгэдэг, номоос өөр хөрөнгөгүй, түүний эхнэр нь нэртэй уран сийлбэрч байсан гэдэг. Баянгаас хойш Тогоонтөмрийн баруун гарын түшмэл болж Хами, Тайпин, Сослан нар дараалан болж төрд их хямрал гарч 1354 оны 12-р сард Хами Тогтоход хортой архи өгч хороожээ. 42 настай Тогтох үхэхдээ “Миний номыг битгий хүнд өгөхтүн, нандигнан хадгал. Хами түшмэл хаант төрийн алтан аягыг хөмөрсөн нь энэ биз ээ. Би ч бас энэ талаар эвгүй хүний арга ухаанд орж алдсан юм” гэж хэлсэн нь хожимдсон ухаарал байв.

0 comments:

Post a Comment